“Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Монголын Банкны холбооноос зохион байгуулсан. Энэ үеэр Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү “2022 онд Олон Улсын харилцааны түүхийн шинэ үеийн эхлэл тавигдана. Монголчууд эх орны дайнд Оросыг дэмжиж оролцож байсан учраас тэр үе шигээ санаад байх шиг байна. Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай, ижил юм огт байхгүй. Монгол Улс төвийг сахих ёстой. Энэ нь цаашид ч олон асуудал дээр эвгүй байдалд орохоос хамгаална.” гэж олон нийтэд санууллаа.
Тэрбээр “Дэлхийн дэг журмыг эвдэх оролдлого явагдаж байна. Орос бол Петер I хаанаасаа эхлээд нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байсан. Их Британи, Испани мөн нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байсан ч энэ түүх XX зуундаа дууссан байсан. Гэвч 1922 оноос хойших ОХУ-ын удирдагч нарын геополитикийн амбиц нь улс орны нөхцөл байдлаа хүндрүүлж ирсэн.
В.Путин Геополитикийн эцсийн зорилгоо 2007 оны аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохдоо “ЗХУ-ын задрал Оросын түүхэн дэх эмгэнэлт явдал” байсан гэдэг үгээр илэрхийлсэн. ЗХУ-ыг эргүүлж нэгтгэхэд учирч байсан том саад нь Украин учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.
2022 он олон улсын харилцааны түүхийн шинэ үеийн эхлэл болно. Монголчууд эх орны дайнд Оросыг дэмжиж оролцож байсан учраас тэр үе шигээ санаад байх шиг байна. Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай, ижил юм огт байхгүй.
В.Путин хэзээ ухарна, тэр цагт энэ дайн зогсоно. Европын орнуудын хувьд Украины ард иргэдэд учруулсан сэтгэл санаа эд зүйлсийн хохирлыг барагдуулах хүртэл, Орос цэрэгжилтээс татгалзах хүртэл хоригоо цуцлахгүй. Энэ бүхнээс харахад Монгол Улс болон ОХУ-ын яриа хэлэлцээ 2022 онд хэрэгжихгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдсан ДЦС-3, 4-ийг өргөжүүлэх, эрчим хүчээр хангах гэх мэт томоохон яриа хэлэлцээнүүд хэрэгжих боломжгүй болж байна.
Монгол Улс 2015 онд Төвийг сахих туухай хуулиа баталсан бол өнөөдөр эвгүй байдалд орохгүй байх байсан. Энэ хуулийг сэргээн батлуулна гэсэн горьдлого байна. Монгол Улс төвийг сахих ёстой. Энэ нь цаашид ч олон асуудал дээр эвгүй байдалд орохоос хамгаална” гэв.
Б.Ирээдүй