“Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Монголын Банкны холбооноос зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс төгрөгийн бодит ханшийн чанагарлтын талаар тайлбарласан юм. Тэрбээр “Бодит ханшийн чангаралтыг тайлбарлая. Энгийнээр хэлбэл төгрөгийн бодит ханш чангарна гэдэг нь Монголын бараа бүтээгдэхүүнүүд бодитоороо бусад улс оронтой харьцуулахад үнэтэй болж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Америкийн дундаж хэрэглэгч, Монголын дундаж хэрэглэгч хоёрыг харвал Монголын хэрэглэгч илүү үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үг. Монголд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа барааны үнэ өсөхөөр дагаад бодит ханш чангарч байгаа юм.  Эдийн засаг руу уг нь доллар санхүүгийн урсгалаар орж ирж байх ёстой. Гадаад хүмүүс Монголд хөрөнгө оруулдаг, эсвэл Монголын банкууд гадаадаас зээл авах гэх мэт.

Төлбөрийн тэнцлээ хараад ханшийг тодорхойлох гээд байвал буруу. Валютын ханш дээр ирж байгаа дарамтыг зөвхөн төлбөрийн тэнцэл, хил дээр бууж байгаа хүндрэлээр харах биш мөнгөнийхөө захыг харах ёстой. Жишээ нь банкууд дээр 4-5 их наяд төгрөг Төв банкны үнэт цаас хэлбэрээр суучихсан байгаа. Уг нь энэ 4-5 их наяд төгрөг зээл болоод эдийн засаг руу гарч байх ёстой. Гэтэл банкууд тэрийг зээл болгож гаргахгүй Төв банкны үнэт цаас хэлбэрээр сайн дураараа байршуулж байна гэсэн үг. Тэгэхээр нийлүүлэлт тэлэх, ханш сулрах орон зай байгаа гэсэн үг.

Валютын ханшид зохицуулалт хийхийг Монголбанк өнөөдрийг хүртэл интервенцээр дамжуулж хийж ирсэн. Хэрэгтэй бол доллар зардаг. Эрэлт байвал худалдаж авдаг. Харин одоо Монгол Улс анх удаа capital control буюу капиталын урсгалд хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл би банканд очоод доллар авъя гээд авч чадахгүй байгаа нь капиталын урсгалд хяналт тавьж байгаа хэлбэр. Долларыг энэ улсаас чөлөөтэй урсгаж гаргахгүйгээр ургал дээр нь хяналт тавиад аль болох эдийн засагтаа үлдээх гээд байгаа. Зад тавьчихвал гараад явчихна гэж айсан учраас тэр. Ийм шинэ нөхцөл байдал үүсчихсэн явна.

Манай улс түүхэндээ capital control хийж байсан тохиолдол бараг байхгүй. Олон улсын Валютын сан бидэнд capital control бол хэзээ ч үгүй гэж бидэнд үргэлж зөвлөж ирсэн. Яагаад гэвэл ханш эдийн засгийн нөхцөл байдлаа илэрхийлээд сул чөлөөтэй тогтож байх ёстой. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр болсон ба Монгол capital control тавьж эхэлж байна. Энэ шинэ арга хэрэгслийг ямар нөлөөтэй байхыг мэдэхгүй байна. Гэхдээ capital control тавивал буруу гэсэн ойлголт байхгүй. Амжилттай хэрэгжүүлээд хямралаа даваад гарсан улс орнууд байдаг” гэв.

Б.Ирээдүй

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн