Төвдөд дэлгэрсэн бурханы шашин 14-р зууны эцэс 15-р зууны эхэн гэхэд анхны байдал, төлвөө алдан задгайрч, лам нар винайн ёсоо огоорон сул дэл явах, сахил журмыг умартах нь сүм хийд бүхэнд шахам хавтгайрчээ. Улаан малгайтны, шар малгайтны гэх урсгалууд буй болж улаан малгайтнууд Бомбын шашин (зэргэлдээх Хятадын нөлөөгөөр), бөө мөргөлтэй (Монголчуудын нөлөөгөөр) сүлэлдэн найрсах нь ихэсчээ. Лам нарын нэр хүнд сүсэгтэн олны дунд унах, доройтох үзэгдэл газар авсаар байв. Товчилж хэлэх аваас Төвд дахь шашинд шинэчлэл хийх, сахилгажуулах шаардлага үүсчээ.
Бурханы шашины дэг ёсны уг эхийг барьсан “цэвэрлэгээ, шинэчлэлтийг” Зонхоба Лувсандагва (1357-1419) тэргүүтэй хүмүүс хийжээ. Тэрээр “Их тарнийн зэрэг”, “Бодь мөрийн зэрэг”, “Сайн номлол алтан эрхи”, “Таван зэргийн тод зул” гэх бүтээлүүд туурвиж Гандан, Врайбүн, Сэра хийдүүдийг байгуулжээ. Лхас дахь энэ гол гурван хийд, хожуухан байгуулагдсан Дашлүмбэ хийд, мөн Зонхобагийн төрсөн нутагт байгуулагдсан Гүнбүм хийд шар малгайтны шашиныг Төвд даяарт тэргүүлж, шинэчлэн мандуулжээ. Шар малгайтны нэр, нөлөө өсөхийн хэрээр олон түмний өргөл, барьцаар амьдардаг бусад урсгалын орлого, нэр хүнд унажээ. Энэ байдал нь зөрчил, тэмцэл, атаа хорслыг тарьж энэ үндсэн дээр 17-р зуунд иргэний дайн дэгджээ. Шашин суртлын үндсэн дээр гарсан энэ дайн Төвдийн олон мянган иргэн, мөн Халх Монгол болон Ойрд Монголын олон мянган цэрэг эрсийн амийг хөнөөсөн байна. Энэ цагаас эхлэн Төвд, Монгол хоёулаа уруудах, доройтох, хагарах, бутрах, бүр тусгаар тогтнолоо алдах хүртлээ гамшиг, эрсдэл үүрсэн билээ. Аль ч улс орон “газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнолоо төр засгийн удирдлага, цэрэг зэвсгийн хүчээр хамгаалж ирсэн” түүхэн сургамжийг огоорч ихэмсэглэсэн, эсвээс умартаж болчимгүйдсэн хаад ноёд, “амьд бурхад” нарын гунигт түүх, алдааг Төвдийн Далай лам, дэсрид нар, Монголын хаад, гэгээнтнүүд давтан үзэж, эдэлжээ. Ийм гунигт түүх Төвд болон Монголын хувьд хэд хэдэн зуун жил үргэлжилж ард түмнээ хэлмэгдүүлснийг дэлхий нийт мэддэг билээ.Энэний хор хөнөөл бүр эдүгээ үед ч үргэлжилсээр байна. Төвдүүд төр засгийн хэргийг, тусгаар тогтнол, хил хязгаараа, үндэсний аюулгүй байдлаа дэлхий нийтийн жишиг дагуу хамгаалж, явуулж байсансан бол Английн хороо хүрэхгүй цөөн цэрэгт эзлэгдэхгүй, улмаар Хятадад харьяалагдахгүй үлдэж чадах л байсан.
Төрийн хэрэгт нь том толгой лам нарын нэр, нөлөө давамгайлах болсноор Төвд орон цэрэг-дайны чадамж, нөөц, зэвсэглэлээр доройтож, төр нь ч төр биш болжээ. Товчилж хэлэх аваас ламын шашин нь төрөөрөө, тусгаар тогтнолоороо, үндэсний аюулгүй байдлаараа, ард түмнийхээ иргэний боловсролоор “тоглочихжээ.
”Цааш цаашдаа төвд угсаатан ч мөхөх, алга болох биз ээ. Христос ч бай, лал ч бай, шарын шашин ч бай, ер нь элдэв шашинаар хийрхэж, донтож эхлэх аваас Монголчууд бид ч гэсэн төвдүүдийн араас орж мэдэх юм. Иргэний боловсрол, цэрэг, зэвсэг, төрийн удирдлага хэрэггүй зүйл биш болно. Өндөр уулын бүс нутгийн хахир хатуу хүйтэн орчинд төрж, хатуужсан зориг зүрхтэй төвд эрчүүд, мөн эртний дайчин удамтай Монгол эрчүүдийг эх орноо хамгаалах чадамжгүй лам, санваартны давхраа болгож доройтуулсны уршиг, үр дагавар ингэж томоор гарчээ. Энэ хоёр улс орон өөрсдөө арчаагүй болж доройтсоныхоо улмаас л бусдын эрхшээлд нэг бус удаа оржээ. Түмэдийн Алтан ноёны лам Содномжамцад өгсөн “Шашны эзэн Далай лам” хэмээх цол, өргөмжлөл, мөн Ойрдын Төрбайх ноёны төв лам Лувсанчойжижанцанд өгсөн “Банчэн Богд” ( их бандида) гэх цол, өргөмжлөл нь “ Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” гэх цуурай ихт алдрыг дагалдан томорч, бэхжиж, шарын шашны бүх ихэс дээдсийг ямагт тэргүүлж байх хэргэм, цол болж үлджээ. Суу алдар ихтэй гүрэн улс, том үндэстний шууд болон дам хаялга орой, холдоо ч мөн л их баядаг ажээ. Хэрэв энэ хоёр цолыг өөр аль нэг багаахан орны хаад өгсөн бол ингэтлээ бэхжиж, өндөр авч, өнөөг хүртэл дээдлэгдэхгүй л байсан болов уу…
13-р Далай лам эх орноосоо дүрвэж гараад Ар Монголд хоёр жил шахам байсан бол 14-р Далай лам эх орноосоо дүрвэж гараад Энэтхэгт хэдэн жил болж байна даа? Амьд бурхадын хүч, нөлөө гэж ер нь байгаа юм уу? Байсан юм уу?
***
Зонхова Лувсандагва нь Монгол угсааны хүн байсан гэх үг, яриа жирийн иргэний амнаас ч, мөн лам хүний амнаас гарах болжээ. Энэ бол батлагдсан, нотлогдсон зүйл биш. Цаг үе, нутаг газар, түүхэн нөхцөл зэргээс нь ургуулан бодох аваас энэ нь худал байх магадлал их юм. Зонха буюу Сонгины ам хэмээх газар 1357 онд төрсөн Лувсандагвын аавын нэр Лүмбүмгэ, ээжийн нэр Шинса-Ачой, харин аавын нь овог Даргачи гэх мэдээ бий. Тэгэхлээр Лүмбүмгэгийн эцэг ойролцоогоор 1300 оны үед төржээ. Даргачи гэх нь өвөг эцгийн нь нэр үү, эсвээс түүний эрхэлж байсан ажлын нь нэр үү гэдэг тодорхойгүйн дээр Монголчууд эзэлсэн улс орондоо зөвхөн, гагцхүү Монгол хүнийг даргаар ( даргачи) тавьж байгаагүй гэдгийг бодолцох ёстой. Монголчуудыг дагаж орсон, Монголын хаанд хүчин зүтгэсэн харь орны, харь хэлний иргэдийг ч мөн даргачаар, түшмэдээр, жанжнаар, бүр Ерөнхий Сайдаар томилон үлдээж байсан баримт маш олон билээ. Ингэхээр зөвхөн даргачи гэх үгэнд хууртаж, Зонхова Лувсандагвыг Монгол гаралтай хүн гэж яаран, хөнгөдөн дүгнэж болохгүй билээ. Энэнийг нягталж судлах хэрэгтэй. Даргачи гэх үг өвөг эцгийн нь, элэнц өвөгийн нь, бүр даргачийнхан гэх овгийг зааж байж ч болох юм. Энэнийг тодруулах шаардлагатай.
Төвдөөс дэлгэрсэн шарын шашины нөлөөгөөр Монголчууд эр, эмгүй Төвд нэртэй болсон онцлог буй. Энэний улмаас Төвд нэртэй Монгол хүн бүрийг Төвд гаралтай хэмээн үзэж болохгүй шүү дээ. “Сохор нохой чимээнээр, соотон халтар дуулианаар” гэхийн үлгэрээр ороод хэрэггүй л баймаар. 1300 оны үед Амдуугийн Сонгины ам ямар захиргаатай, хэний удирдлагад байсныг тодруулж болох байх. Төвд бол огт архивгүй улс ч бас биш шүү. 1300 оны үесэд Монголчууд толгой дарааллан төвд нэртэй болчихсон байх учиргүй билээ. Би энэнийг Хөх нуурын, мөн өмнөд Монголчуудын хувьд хэлж байна. Чингис хааны амьд дээр Монголчууд Төвдөд довтолж, эзэлсэн боловч ялагдсан дайсныхаа шашинд дагаж орсон байх учиргүй. Энэ нь 13-р зууны дунд, сүүл хэрд боломжгүйн дээр Амдуугийн Зонхад Монгол хүнийг даргачаар үлдээсэн байлаа ч тэр хүн Монгол нэртэй, мөн хүүдээ ч Монгол нэр өгсөн байх магадлал өндөр юм. Гэтэл Лувсандагвын эцгийн нэр, эхийн нэр Төвд үг байх ажээ. Монголчууд Бурханы шашинд бултаараа орсон цаг үе бол 16-р зууны дундуураас хойш шүү дээ. Тэгээд ч Зонхова Лувсандагва Монгол угсааны хүн байсан бол намтар, түүх нь Монголчуудын дунд 14-15-р зууны үед л өргөн дэлгэрсэн байх учиртай бус уу!
Зонхова Лувсандагва нь туурвисан бүтээлүүд дээрээ түшиглэн ихэд алдаршиж, мөн амьд сэрүүн ахуйдаа барьж цогцлоосон Гандан, Врайбун, Сэра гурван хийдээрээ дэмжигдэж хүчийг олжээ. Түүний бүтээл туурвил нь “бүхнийг ухаарахуйд хөтөлсөн мэдлэг, ухаан хийгээд номын хүчиг олох тарни, шившлэгийг хослуулан үзсэн дээдийн онол, сургаал” гэгдэж олонд шүтэгдэх болжээ.
“Бурханы ном хормойгоос эхлэн шатлан хүндэрч, гүнзгийрсээр оройдоо хүрэхдээ тарни, ид шид, увидсын учир ухаанд хүрч, тайлж төгсдөг” гэх бодь мөрийн замыг шинэ цаг дор нийцүүлэн айлдаж мөрдүүлсэн нь Зонхова Лувсандагвын гавьяа хэмээн шарын шашины лам нар үнэлдэг, дээдэлдэг ажээ. Тэгэвч Зонховын ном, бүтээлүүд дэхь сургаал, айлдварын 70-80 хувь нь сүсэгтэн олныг илбэдэн төөрөлдүүлэх, байхгүй бурхадад сөгдөн мөргөх, ард олны сэтгэл, оюуныг сүсэг бишрэлд автуулах, диваажин, там, сүнс, хойд нас, хойд дүр мэтэд итгэх, хамгийг чадагч хэмээгдэгч хутагт, хувилгаадад мухар сохроор сүсэглэхэд хүргэдэг байх аваас юуны нь ачлалтай, ивээлтэй, хиргүй ариун байх билээ?
Хүн төрөлхтний өнгөрсөн түүхэнд аль ч шашины амладаг, номлодог ямар ч том ачлал, ивээл болон аймшигт гэсгээн цээрлүүлэлт таван тив, дөрвөн далайн хаана ч гэсэн хэрэгжиж байсан баримт, жишээ өнөөдрийг хүртэл байхгүй нь үнэн болно. Ковид-19, түүний шинээр үүссэн омгуудтай өнөөдөр шашин, лам нар биш, шинжлэх ухаан, эмч, сувилагч нар л тэмцэж ялж байна шүү дээ. Ингэж бодоод ч болов мухар сүсгээсээ салахыг өнөөдөр амьд мэнд яваа бүх хүмүүст уриалж байна.
***
Далай лам, Жабзундамба нарын урд, хойд дүрүүдийг Монгол оронд, Монголчуудын дунд бурханчилан шүтүүлэх ажлыг Төвд лам нар тун ч овжиноор хэрэгжүүлжээ. Эхэндээ 3-р дүрийн далай лам Содномжамцыг алдаршуулж, шүтүүлж, амьд бурханы зэрэгт баттай хүргэж чадаад таалал төгсмөгц нь түүний удаах 4-р дүрийг Монголоос, Монгол хүнээр тодруулжээ. Ингээд л Монголчууд “амьд бурхантай” болсон байна. Жабзундамба хутагтын өмнөх дүр нь Монголд шашин дэлгэрүүлж яваад таалал төгсмөгц удаах дүрийг нь бодлогоор мөн Монголоос тодруулжээ. Атаархмаар, магтмаар хүчтэй аргачлал, ижилгүй ухаалаг технологи гэж ийм байдаг ажээ…
Цааш цаашдын Далай лам, Жабзундамба хутагт нар нь Монгол хүний хойд дүрүүд, зарим нь бүр Чингисийн алтан ургийн хүмүүс, ач нарын нь хамааталтай болоод явчихаж байгаа юм. Энэ талаас нь үзэх, үнэлэх аваас 8-р Богд маань хэдийгээр цэвэр цусны Төвд лам мөн боловч Өндөр гэгээн Занабазарын ( Чингисийн алтан ургийн удмын) хойд дүр гэгдэх шашин суртахууны эрхтэй ажээ. Иймэрхүү маягийн ажил, үйлсийн хувьд бол шашны онол, практикаас “суралцах зүйл” тун их бий шүү…
Монголд дэлгэрсэн шарын шашныг дэмжиж хүч, нөлөөг нь нэмсэн нэгэн зүйл бол зурхай юм. Тэр тусмаа ихэд шашинжсан зурхай, төлөг. Төрсөн жил, өдөр, цаг, мэнгэ, суудал гэх мэтийн хийсвэр ойлголтуудыг ашиглан хувь хүний заяа, төөрөг, харш болон ивээл зүйлүүдийг оноон нэрлэж, хийх засал, унших ном, тарнийг зааж тухайн хүний амьдрал, үйл ажиллагааг бүхлээр нь шашны зан үйлтэй, шашны үйлчилгээтэй холбож, лам, шашны оролцоогүйгээр хаашаа ч хөдлөх, юуг ч хийх бололцоогүй болгож чөдөрлөсөн нь оюун санааны боолчлол, түүнд суурилсан мөлжлөгийг хүн бүхний хувьд нэгэн насны, зайлшгүй болгож зуршуулжээ.
Хүмүүсийн үйл хөдлөл нэг бүрийг, хийх гэж буй алхам нэг бүрийг шашны зан үйл, шашны оролцоотой холбож, тухай бүрд нь лам нараас асуух, холбогдох засал хийлгэх, өргөл барьц өгөхөд хүргэж байгаагаараа зурхай нь шашны холбоотон, хамтрагч нь мөн юм. Зөвхөн, гагцхүү сүсэгтэн хүний сэтгэл засах төдий нөлөө үзүүлж, яг хэрэг дээрээ бол тус биш ус болох нь давуу байдагт шашин, зурхай хоёрын холбооны сөрөг тал, хоруу чанар оршдог.
Цаг тооны бичгийн үзүүлэх нөлөө жилээс жилд буурах биш өссөөр байна. Иргэдийн шүтэх бишрэх эрх, эрх чөлөөг ашиглан мухар сүсэг, сохор итгэлийг хөөрөгдөж болохгүй билээ. Ёс суртахууны үүднээс энэ нь бохир, бурангуй үйлдэл мөн болно. Лам нарт сүсэгтэн олны өргөх өглөгөөс өөр орлого байхгүй болохоор идэх хоол, өмсөх хувцастай байхын тулд өргөл, барьц авах олон уран аргыг бодож олохоос өөр замгүй юм. Сахил, санваартнуудад маань хулгай, луйвар хийхээр ёс суртахуунгүй хүмүүс бас биш шүү дээ. Ингэхлээр дандаа л зөөлөн аргаар, итгэл сэтгэлээр нь дамжуулж байж л орлого олохоос өөр яалтай нь ч билээ. Хамгийн гол нь лам нарын тоо цөөн байх, үнэхээр нигүүлсэнгүй, чадварлаг байх, өндөр нэр хүндтэй байх, болж л өгвөл гэр бүлгүй, олон хүүхэдгүй байхаас өөр аргагүй байна. Ийм нөхцөлд хүүхдүүд лам болох гэж, эцэг эхчүүд хүүхдээ лам болгох гэж хүсэх хэрэг байна уу? Бодох л асуудал болчихоод байна даа!
Гэр бүлтэй, олон хүүхэдтэй лам хүн, хүүхдийнхээ сургалтын зардлыг хаанаас, яаж олох юм бэ? Сүсэгтний тоо аажмаар цөөрч байна. Хүүхдийн хувцасны үнэ, сургалтын зардал, сургалтад ашигладаг техник хэрэгслийн үнэ өсөж байна. Багш нар, эмч нар авилга авах нь ихэссээр байна. Лам нарынхаа амьдрал, амьжиргааг бодохгүй бол зарим нэг болчимгүй гэхээс илүү арга ядсан, ядарсан лам хүн шашин, сүм хийдийн нэр хүндийг элдвээр унагааж, хормой болж мэдэхээр болчихлоо. Лам нарын маань байдал хүнд байна шүү! Зөвхөн цөөн хэд нь л баян, тарган байдаг байх…
Хувь хүний заяа төөрөг тухайн жилд ямар байх, юунаас сэрэмжилж ямар засал хийлгэх, ямар бурхан шүтэх, ямар тарни унших, аль зүг ивээлтэй, аль зүг хорлолтой болох, юунд суусан, суудлын цээр, одны харшлал гэх мэтийн олон хийсвэр ойлголтыг буй болгооод тэр бүхний зохироо, тохироог ямар зан үйлээр засахыг заах аргаар хүний үйл ажиллагааг боомилох нь яг үнэндээ бол санаатай мунхруулга, оюун санааны боолчлол юм.
Тэр бүхний засал нь өргөл, барьцын хэлбэрээр хэрэгждэг төлбөр болж иргэдийг хохироож байдаг. Шашны хуурамчлал, зурхайн хуурамчлал нэгдэж нийлээд мунхруулга, мөлжлөг болоод зогсохгүй хүмүүсийг бага балчраас нь эхлээд мухар сүсэгт сургаж, сохор итгэлд захируулдаг байна. Зарим зурхайч хэмээгдэгчид нь тухайн хүн урд төрөлдөө ямар амьтан байсныг хүртэл хэлж, зарлаж явах болжээ. Хачирхалтай нь иймэрдүү хуурамчлалд манай иргэдийн 30-60 хувь нь итгэдэг гэсэн тойм мэдээ ч буй ажээ. Эцэст нь нэг зүйлийг онцолж дурьдмаар байна.
Монголын төрийн бүх билгэдэл (туг, сүлд, нийслэлийн сүлд) өнөөдөр шарын шашны өнгө, хэлбэр, дүрстэй болчихжээ. Сайн цагийн мянган бурхны тамганаас Соёмбыг, хийморь лундааны дарцагнаас морийг, хүйтэн хошуутай шувууны эрлийз гэхээр Хангарьдыг Монголчууд бид шүтэх болчихоод байна шүү дээ. Төрийн сүлдний морийг ядаж эзэн рүү нь зөв талаар нь харуулж зурах байсан юм. Соёмбоор гөлөм хийж эзэн хүний цавинд хавчуулахын учир нь юу юм бол?…
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ бүхнийг эргэж харж, өөрчлөх хэрэгтэй байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав