УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэлээ. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоохоор төлөвлөсөн байна. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж.

Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн сайд танилцуулав. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн