Ханиадны вирус маш олон янз, ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацад ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлвэл хэтэвчинд ч хэмнэлттэй.
Харин хэрхэн сэргийлэх вэ? Европын тэргүүлэгч дархлаа судлаачид намар өвлийн улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гарсныг хүргэе.
1. Хамраа дулаан байлга
Доороосоо даарахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Харин Кардиффын их сургуулийн амьсгалын замын өвчний судалгааны төвийн профессор Рон Эклз намар өвөл ханиад хүрэх нь хамраа дааруулсантай холбоотой хэмээжээ.
Гагцхүү энэ эрхтэн агаар дуслын замаар дамждаг вирусын халдварын гол хаалга болж өгдөг. Температур буурснаар цусны эргэлт удааширч, “таагүй зүйлээс” организмыг хамгаалдаг цусны дархлааны эд маш багаар микробтой хамт ордог. Тиймээс эмч нар зөвхөн хөлөө төдийгүй хамраа ч дулаан байлгахыг зөвлөж байна.
Тэгэхээр та хүйтний улиралд хамраа ороолтоороо хааж, өрөө тань хүйтэн бол халуун кофе, цай уух хэрэгтэй.
2. Байнга гар барих хэрэггүй
Хүмүүс хоорондоо мэндлэхдээ гар барилцдаг. Харин ханиадны улиралд аль болох энэ мэндчилгээнээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. “Гар барихдаа удаан, чанга барих тусам микроб нэг биетээс нөгөө рүү илүү дамждаг” гэж Аберистуитын их сургуулийн биохимийн профессор Дэвид Видворт сануулсан байна.
Мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүмүүс гар барьсныхаа дараа гараа амандаа хүргэж, хамар, нүдээ мааждаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг аж.
Гар барилцсан хүн ханиаж, найтааж байвал гараа нэн түргэн угаах хэрэгтэй. Гэхдээ ханиад хүрсэн хүнд эхний өдрүүдэд шинж тэмдэг ажиглагддаггүй гэдгээрээ аюултай байдаг.
3. Хувцсаа халуун усанд угаа
Заримдаа бид цахилгаанаа хэмнэх гэж угаалгын машинаа бага температур дээр тааруулж, хувцсаа хүйтэн уусанд угаадаг. Харин ханиадны улиралд хувцсаа доод тал нь 40 хэмийн халуун усанд угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чухамхүү ийм температурд олон нийтийн газар ханиад томуу туссан хүмүүсийн дунд байсан хувцсанд наалдсан нян үхдэг гэнэ.
4. Амттан бага ид
Намрын сэрүүнд хоолойгоо өвтгөж, хамрын ханиад тусахгүйн тулд сэтгэл санаагаа бялуу, чихэр идэж өргөх биш харин амин дэмээр баялаг алим, усан үзэм, цитрусын төрлийн жимснүүд идэхийг зөвлөж байна.
Америкийн Калифорни мужийн Лома Линдагийн их сургуульд явуулсан судалгаанаас харахад бялуу, сүмс зэргээр дамжуулан өдөрт 100 грамм элсэн чихэр хэрэглэж байсан хүмүүсийн биеийн хамгаалах хүч нь буурчээ. Амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвараа алддаг.
Энд сануулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 25 грамм буюу таваас дээшгүй цайны халбага элсэн чихэр хэрэглэхийг зөвлөдөг юм.
5. Найман цагаас багагүй хугацаанд унтаж амар
Америкийн Йелийн их сургуульд хийсэн судалгаагаар нойр дутуу бол дархлааны TLR 9 генийн ажиллагаа алдагддаг болох нь тогтоогджээ. Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ.
Хэдийгээр хангалттай унтсан ч шөнө тавгүйтэж хар дарвал мөн л таагүй нөлөөтэй. Тиймээс унтахын өмнө салхилж, шингэн зүйл бага уухыг эмч нар зөвлөжээ.
6. “Хоёр суудлын дүрэм”-ийг баримтал
Ханиаж, найтааж байгаа хүнээс хоёр суудлын зайнаас дотогш зайнд байгаа бол халдвар авах эрсдэл өндөр болохыг Австралийн Канберрагийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа ханиалгаж байгаа хүнээс хол суухыг эрдэмтэд зөвлөж байна.
Хэрэв та найтааж байгаа хүнтэй машинд цуг 90 минутаас дээш хугацаанд явбал ханиад хүрэх магадлал 99.9 хувьтай гэж судлаачид баталж байна. Харин энэ үеэр цонхоо онгойлговол халдвар авах эрсдэл 20 хувиар буурдаг гэнэ.
7. Гарын цаас, гар ариутгагчийн оронд саван, ус хэрэглэ
Хүмүүс одоо гараа ариутгахдаа чийгтэй гарын цаас, эсвэл гар ариутгагч хэрэглэн, гарын ариун цэвэр сахих болсон. Гэхдээ гар олон нийтийн газар зэрэг бохир орчинд явсан үед эдгээр хэрэгсэл нь хамгаалж чадахгүй гэж эрдэмтэд сануулж байна. “Хэдийгээр ариутгагч 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгчдийг бүрэн устган таны гарыг гүйцэд цэвэрлэж чадахгүй.
Харин хамгийн найдвартай арга бол гараа савантай усаар угаах. Олон нийтийн газраар явж ирснийхээ дараа заавал ингэж угаах хэрэгтэй” гэж доктор Лиза Акерлей зөвлөжээ.
8. Давстай усаар хамраа угаа
Давстай усаар хамраа угаах нь хамарны хөндийд олон тооны нян үлдэх эрсдлийг бууруулдаг болохыг Пенсильваны их сургуулийн судлаачид тогтоожээ. Ийнхүү хамраа угааснаар бие махбодод нян нэвтрэх боломжгүй болно.
9. Хэт ачаалал өгөхгүйгээр спортоор хичээллэ
Фитнес болон явган алхах, ажил, гэртээ их алхах нь дархлааны системийг дэмждэг. Гэхдээ эрч хүч их шаарддаг спортоор 90 минутаас дээш хугацаанд хичээллэвэл стрессийн гормон эрс нэмэгддэг болохыг Английн Лафборогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон гэнэ.
Түүний зэрэгцээ организмд дархлааны хариу үйлдлийг дардаг үрэвслийн эсрэг бодисууд үүссэнээр ханиадны нянд өртөмтгий болдог аж. Тиймээс биедээ хэт их ачаалал өгөлгүй биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай.
10. Д аминдэмээ нөх
Колорадогийн их сургуулийн судлаачид биемахбодод Д амин дэм хангалттай түвшинд байхгүй бол дархлааны системийг дэмждэг бодисын боловсруулалт буурдаг болохыг тогтоожээ. Д аминдэм дутагдаж байгаа нь үе мөч өвдөх, их ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг юм байна. Энэ аминдэмийг элэг, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой.
Сонирхуулахад …
– Хүн жилд дунджаар хоёроос таван удаа ханиадны нянд өртдөг.
– Ханиад хүрсэн бол долоогоос есөн өдрийн хугацаанд үргэлжлэх бөгөөд бид амьдралынхаа таван жилийг ханиаж найтааж өнгөрүүлдэг гэнэ.
– Нэг удаа хүчтэй найтаахад нян бүхий 100 мянган дусал 3.5 метрийн зайд агаарт цацагддаг.
– Эрчүүд ханиадыг илүү хүнд тусдаг гэнэ. “Эрчүүд өвдөж чаддаггүй бааштай” гэж ярьдаг ч энэ нь үнэн хэрэгтээ тэд баашилж байгаа хэрэг биш бололтой. Лондонгийн Хатан хаан Мэригийн их сургуульд хийсэн судалгаагаар эрчүүд биеийн онцлогоосоо болж ханиад хүрсэн үед эмэгтэйчүүдээс илүү хүнд тусдаг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: KR