Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал гаргаж байгаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнөөдөр Засгийн газраас төсвийн тодотгол барих юм байна. Үүсээд буй нөхцөл байдлыг үндсээр нь шийдэх болжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсад улстөрийн болоод эдийн засгийн хямрал болж байна. Иргэд маш олноороо жагсаж байна. Энэ бүхний суурь шатгаан нь сонгуулийн тогтолцоо болж байна. Хэт нэг намын давамгайлал улс орныг гацаанаас гаргаж чадахгүй. Иймд сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Нэг намын хэт давамгайлал улс орны хөгжлийн гацааг гаргаж чадахгүй байна. Сүүлийн хоёр парламент хэн нэгний, намын даалгавраар ажиллаж байна.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Тогтолцооны алдааг засахын тулд улс даяараа нэг тойрог буюу пропорционал тойрогтой болох хэрэгтэй. Ингэснээр хамгийн чадвартай аавын хүү сонгогдож, Төрийн ордонд өөрчлөлтийн салхи сэвэлзэнэ. Тогтолцоог өөрчлөхгүй бол бид үхлийн тойргоос гарахгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тэдний халдашгүй эрхийг нь цуцлах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог 200 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай.