Нүүдлийн мал аж ахуйг хориглох нь зөв байна

2022-04-20 09:15
mal1

ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

“Өдрийн сонин” нүүдлийн мал аж ахуйг хориглоё гэдэг энэ сэдвээр олон бичиж байна. Монголын нүүдлийн мал аж ахуйг дур зоргын аж ахуй гэдэг. Яагаад дур зоргын аж ахуй хэмээвэл хэдэн мал бараадаад хаа дуртай газраа нүүгээд, байгаль орчин бохирдуулчихаад ямар ч татвар, түрээс төлдөггүй, хариуцлагын ямар ч ойлголтгүй, хөгжил дэвшил, технологийн ололтгүй, зөвхөн өдөр аргацаасан аж ахуй юм. Харин нэг л давуу тал байдаг нь мал дагасан хүн өлсдөггүй. Ийм л хөшингө аж ахуйг болиулъя гэж “Өдрийн сонин” олон жилийн өмнөөс энэ сэдвийг хөндөж нийтлэл бичиж санал дэвшүүлсээр байгаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа энэ чигийн мэдээ, нэвтрүүлэг, нийтлэлийг харж байхад манай сонины дээрх дэвшүүлсэн санаа, хөндөж буй сэдэв зөв байжээ, үүнийг ажил хэрэг болгох цаг нь иржээ гэдэг нь улам батлагдаад байна. Нүүдлийн мал аж ахуйг хориглох нь зөв юм байна гэдэгт улам итгэх боллоо. Саяхан зурагтаар настай малчин ярьж байна лээ, “Нийт малчдын 0.5 хүрэхтэй үгүйтэй хувь нь эмэгтэй малчин байна. Харин эрэгтэй малчид бол байна аа байна. Ийм байдлаар цааш явах нөхцөл алга. Хөдөө, малын захад малчдын хүйсийн харьцаа алдагдсан, яваандаа мал дээр хүн байхгүй болох нь ээ. Эмэгтэйчүүд байхгүй бол эрчүүд яалаа гэж ганцаараа мал дагах билээ. Эмэгтэйчүүдийгээ л бараадаж таарна. Малтай байя гэвэл эрэгтэйчүүд нь малаа дагаг. Эрчүүд нь малаа дагая гэвэл эмэгтэйчүүд нь харчуулынхаа дэргэд нь байх ёстой. Тиймээс хот руу зугтаад байгаа, эргэж хөдөөдөө очихгүй байгаа эмэгтэйчүүдийг хөдөө рүү аваачъя” гэж. Энэ малчны ярьснаар хотод байгаа нэг эмэгтэй хөдөө рүү малчин болохоор аль нэг аймгийн алс сумын нэгэн уулын өвөр юм уу, хөндийд очлоо гэж бодъё. Тэнд байнгын тог цахилгаан бий билүү, хүссэн үедээ халуун ус гоожуулаад усанд орж ариун цэврээ сахиж чадах билүү, амьдрах эрүүл ахуйн нөхцөл нь хэр бүрдсэн байдаг билээ дээ, эзгүй хээр хэдэн хонио дагаад явж байгаа ганц бүсгүй юу бодож, яажшуухан өдрийг барах билээ. Эзгүй хөдөөд эр эмийн асуудал юусан билээ. Боловсон бие засахаас эхлүүлээд тэнд хүний наад захын хэрэгцээ шаардлага хангагддаг бил үү?

Ариун цэврийн асуудал нь тэг заачихсан байхад мал маллахын хажуугаар гоё сайхан хувцаслах, нүүр, үсээ арчилж тордохын тухай эмэгтэй хүн бодох ч сөхөөгүй учир юун боловсрол эзэмшиж, англи хэл сурч, үеийн залуустайгаа нийгэмд хөл зэрэгцэн алхах вэ, тэр талаар ярилтгүй. Эмэгтэй хүнийг хөдөө аваачаад малчин болгох нь битгий хэл очоод ая тухтай хэд хоног амрах нөхцөл байдаггүйг бүгд мэднэ. Долоо ч хонолгүй зутраад буцчихдаг. Ийм байхад эмэгтэй хүнийг уулын мухарт аваачаад өнөө нүүдлийн мал аж ахуйгаа эрхлүүлэх гээд байгаа юм. Хөдөөд нөхөртэй болвол дээдийн заяа. Нөхөр нь гэртээ үзэгдэхгүй. Үүрээр шахуу гараад шөнө дөлөөр орж ирнэ. Эрэл суралд явбал хэзээ ирэх нь тодорхойгүй, хэл бараагүй таг болно. Хүүхэд төрүүлнэ. Зургаан нас хүрэхээр нь ганцааранг нь сумын төв рүү явуулалтай биш гээд залуу хосын нэг нь уулын мухартаа, нөгөө нь хүүхдээ дагуулаад сургууль бараадна. Ингээд гэр бүл тусдаа амьдарч эхэлдэг. Үүнээс болж ар өврөөр тавих гэдэг асуудлыг дагасан хэрүүл маргаан айл гэрийг тойрохгүй. Уулын мухарт гэртээ эхнэр нь ганцаараа байхад хаанаас ч юм нэг хар юм орж ирээд нөхрийг нь эзгүйчлээд элэг бариад хэвтчихээд гарахгүй. Хөдөөд эмэгтэй хүн байхын аргагүй ээ.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИНООС уншина уу.

Эх сурвалж: