Сэтгүүлч Р.Эмүжин өөрийн цахим хуудсандаа “Гавтай охин…” хэмээн гарчиглаж, цагдаагийн алба хаагчдын ёс зүйтэй холбоотойгоор асуулт байна хэмээн бичжээ. Тэрбээр “ЦЕГ, Цагдаагийн академын удирдлагуудаас асуумаар хэд хэдэн асуулт хуримтлагдаад удлаа. Төр төлөөлж, төр болж иргэнд хүрч үйлчлэх, хэв журам сахиулж, хуулийг нутагшуулан нийгэмшүүлэх үүрэгтэй цагдаа хүнийг анхлан энэ мэргэжлээр бэлтгэж эхлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ?
Нэгэнт мэргэжлийг нь эзэмшээд, сурч боловсроод ажил дээр гарсан цагдаа нарын зарим нь мэргэжлийн ёс зүйн болоод хувь хүний мөн чанарын алдааг яагаад удаа дараа гаргаад байна вэ? Үүнд цагдаа залуусыг сургаж боловсруулсан багш нарын арга барил нөлөөлөөд байна уу, эсвэл удирдах албан тушаалтных нь хандлага илүүтэй чиглүүлээд байгаа нь энэ үү? Нэг бол тухайн хувь хүний хүмүүжлийн доголдол, сэтгэлзүйн өрөөсгөл эмгэг том суурь болоод байна уу?
Он гарсаар цагдаатай холбоотой хэд хэдэн завхрал гарлаа. Хамгийн хөгийн нь чирэгдэж явсан жагсагч залууг өшиглөсөн явдал. Мэргэжлийн талаасаа өшиглөх шаардлага угаасаа энд байгаагүй. Тэртэй тэргүй тэр иргэнийг хоёр цагдаа аль хэдийнэ чирч явсан шүү дээ. Тэгэхээр хүний олноор хүн барьж, түүгээрээ сэтгэлийн эгогоо тэжээдэг хувь хүний эмгэг энд үйлчлэв үү? Завханд шонгийн модноос гавлуулсан залуугийн асуудал байна. Эр хүн уусан байж болно, алдсан байж болно, ядарсан байж болно, аашилсан байж болно. Гэхдээ тэр ямар модноос уяад орхидог нохой юу? Монгол Улсын бүрэн эрхт иргэн хууль зөрчсөн ч, хувийн алдаа гаргасан ч эрхээ эдлэх ёстой.
Шөнөөр осгож үхсэн бол яах уу? Хөл гар нь хөлдсөн бол яах байсан юм? Ядарч яваа хүнийг байтугай хоньч нохойгоо өвлийн хүйтэнд гадаа уяхаас хайрлана гэдгийг бодсон уу? Хамгийн сүүлийн сэтгэл эмзэглэм жишээ Ховд аймгийн Дарви сумын 13 настай охины хэрэг. Айлын шилжилтийн насны, эмзэг сэтгэлзүйтэй яваа жаахан охиныг эхнэрийнхээ хамт очиж гэрээс нь аваад, дугуй хулгайлсан хэргээр 14 цаг хорьж, гавлаж, ээмгийг нь хугартал алгадаж байгаа тэр залуу цагдаа байх эрхтэй юү? Харанхуй өрөөнд цоожлоод, гэдэс хэвлийг нь чичиж байдаг энэ араншин цагдаагийнх уу, эсвэл гаж донтны авир уу?
Дарви сумын тэр цагдаагийн сэтгэхүй эрүүл үү? Зодуулж өссөн зовлонт амьтан цагдаа болчихоод төрийн нэрээр түйвээж, бүхэл бүтэн сумынхныг дарамталж явна уу? Сургасан багш, удирдсан удирдлага нь хэн бэ? Өсгөсөн аав ээж нь үүнийг заасан уу? Тэр ямар үнэмлэхүй үнэтэй дугуй вэ? 13 настай охины бие сэтгэл, эрх чөлөө, иргэний эрхээс үнэтэй юү? Ээж нь охиныхоо нэрийг л цэвэрлэмээр байна гэж байна.
Аль эрт адгийн цагдаагаар эрхээ зөрчүүлчихээд байгаа охиныг сум даяараа хулгайч гэж цоллож, хоригдоод гарсан гэмт хэрэгтэн гэж харж байгаа юу? Энэ мэтийн олон олон асуултад хариулт авмаар байна даа. Төр төлөөлсөн цагдаа, түмэн төлөөлсөн иргэн хоёр нь бие биенээ зөв түшиж байж бүтэн Монгол иргэний мөргөлдөөнгүй орших учиртай юм. Гэтэл цагдаагаа үзэн ядах сэдлийг бий болгож байгаа ёс зүйн доройтолтой, хүн чанарын хөлдүүстэй, төрт ёсыг төмөр гав гэж үздэг, түмний үрийг төөрсөн гөлөгнөөс дор хардаг энэ мэтийн хандлагатай мөрдөстэй дарамтлагчдаа цаашдаа яах вэ? Асуулт мөн ч олон байна даа, хариулт байдаггүй ээ…
1 comment
Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг ардын зүйр үг байдаг даа цагдаа болгон адилхан биш байлгүйдээ охин минь машин цагдаа ч бии муу байгаа байх бүгдийг хэлээгүй байлгүй дээ зарим нэгэн цагдаа нар хэлэх муу үгиин тэсэхгүй уураг хүрдэг байхаа гэхдээ арван гурван настай охиныг арай тиим үйлдэл хийгээгүй байхаа тэр бол арай хэтэрүүлэг байх ээж нь олон юм ярьаагүй нэрийн цэвэрлэж авна гэж байсан шүү дээ