Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Дээрх хуулиудад мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах үйлдийг зөрчил болгон хуульчилж Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд Мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Харин мөрийтэй тоглоом тоглох үйдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Цагдаагийн байгууллагаас 2021 онд 192 хүнд холбогдох 483 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 456 хэргээр буюу 94.4 хувиар өссөн, 2022 оны 1-р улиралд 34 хүнд холбогдох 93 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 57 нэгжээр буюу 38,6 хувиар буурсан байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар өдөрт дундажаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан, 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан.
Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон хэсэг бүлгээрээ нэгдэн мөрийтэй тоглож байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна.
Одоогоор цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудад байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн, зохион байгуулагч нарыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд болон хэвлэл мэдээллийн байгуулагынхан та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв
3 comments
Бүгдийг нь хаагаач монгол залуус донтоод сүйрч бн
Бүгдийг хаа pokersport.net ч гэсэн хаа.
Бүгдийг хаа pokersport.net ч гэсэн хаа.