Дэлхийн банк Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа. Цар тахал болон Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бууруулж, оны эцэст нийт эдийн засаг 2.5 хувьд хүргэж болзошгүй байгаа талаар Дэлхийн банк мэдэгдлээ.
Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа, мөн Засгийн газраас иргэд, ААН-ийн орлогыг дэмжих өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан боловч хилийн боомтуудын үйл ажиллагааны тасалдал нь гадаад худалдааны болон логистикийн хүндрэл үүсгэж улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулсныг дурджээ. Үнийн өсөлт эрчимтэй явагдаж, гуравдугаар сард улсын инфляц 14.4 хувьд хүрч, бүс нутаг төдийгүй дэлхийд өндөрт тооцогдож байна. Бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом нэмэгдэл нь ядуурлын хүрээг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулав. Орос-Украины дайн Монгол Улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлж, валютын эрэлтийг өдөөж, улсын гадаад валютын албан нөөцийг буурууллаа.
Түүнчлэн, сүүлийн хоёр жилийн төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг Дэлхийн банкны тайланд онцолжээ. Ковидын үед өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрийг хавтгайруулан хэрэгжүүлснээс болж 2021 оны төсвийн алдагдлыг огцом өсгөсөн. Мөн Ковид-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн арга хэмжээ нь эргээд Засгийн газрын өрийг хэмжээг үлэмж өсгөсөн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрсэн байгааг анхааруулжээ.
Эндээс харвал, Монгол Улсын эдийн засагт гадаад шок, дотоодын бодлогын ойлгомжгүй байдлаас үүдэлтэй том шуурга дэгдэж байна. Шуурганд зүг чигээ олоход эдийн засгийн реформ хийх нь чухал байна гэж зөвлөжээ.
Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев: Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлого зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй. Эдийн засгаа цаашид олон тулгууртай, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн юм.
Дэлхийн банкнаас Монголбанкинд дараах зөвлөмжийг өгөв. Үүнд:
-Монголбанк инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч ажиллах
-Мөнгөний бодлогын хүүг нэмэх
-Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих
-Гадаад секторын нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах
Цаашдаа хийх реформын хүрээнд худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтын татах чиглэлд таатай нөхцөлийг бүрдүүлжх, дотоодын бизнесийг хөгжүүлэх арга хэмжээг авахыг зөвлөсөн юм.