Төрийн албаны зөвлөлөөс үйл ажиллагааны болон албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2021 оны тайланг танилцуулав. Уг албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг төрийн 4,206 байгууллагад 208,864 төрийн албан хаагч хэрэгжүүлжээ.
Эдгээрийн 130,723 буюу 62.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Төрийн нийт албан хаагчдын тоо нийт хүн амын 6.3 хувь, ажиллах хүчний 17.1 хувь байв. Төрийн албан хаагчдын тоог 2020 онтой харьцуулахад 3,853-аар буюу 1.9 хувиар өссөн дүн гарчээ.
Энэхүү өсөлт нь төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд төрийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэхээр шинээр байгуулагдсан 28 цэцэрлэг, дөрвөн сургууль, зургаан эмнэлэг, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий 11 байгууллага, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 19 агентлаг, Шүүхийн сахилгын хороо, МОНЦАМЭ агентлаг зэрэг 70 байгууллага шинээр бүртгэгдсэнтэй холбоотой байгаа аж.
Төрийн албан хаагчдын тоог байгууллагын төрлөөр авч үзвэл төрийн төв байгууллага, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад 39,496 буюу 18.9 хувь, төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудад 46,858 буюу 22.4 хувь, төрийн үйлчилгээний байгууллагуудад 122,510 буюу 58.7 хувь нь тус тус ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын насны бүтцийг авч үзвэл
21 хүртэлх насны бүлэгт 0.3 хувь,
22-25 насны бүлэгт 7.6 хувь,
26-30 насны бүлэгт 14.5 хувь,
31-35 насны бүлэгт 18.2 хувь,
36-40 насны бүлэгт 12.3 хувь,
41-45 насны бүлэгт 13.9 хувь,
46-50 насны бүлэгт 11.1 хувь,
51-55 насны бүлэгт 10.9 хувь,
56-60 насны бүлэгт 4.1 хувь,
61-аас дээш насны бүлэгт 7.1 хувь нь хамаарч байна.
Төрийн албанд ажиллагсдын дундаж нас 39.2 болж өмнөх оноос 0.84 пунктээр багасжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны болон Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.
Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлөл