АНУ-ын дэмжлэгтэйгээр Монголд биологийн лаборатори байгуулсан гэх мэдээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлжээ. Энэ асуудалд Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өглөө.
Тэрбээр “Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй.
Дэлхийн геополитикийн байдал маш хүнд байна. Хардах эрх хэнд ч бий. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжсэн. Энэ мэдээлэл ОХУ-ын “Извезтия” сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан.
Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдал нийцээгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Манай гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа. Цаашид хэрэв хүсэх юм бол олон улсын зохих байгууллага, энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллага болон хүмүүсийг хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад нээлттэй.
Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн” гэлээ.