“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган гурав дахь өдрөө болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод илгээлт хүргүүлжээ.
“Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд гурав дахь жилдээ хамтран тэмцэж байна.
Гэтэл дэлхийн геополитик, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар, түүний дотор хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарч, түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдож, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна.
Он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаан буудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ.
Тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшнээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал.
Тиймээс Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барив.
Хямралт нөхцөл байдал тулгарч, хаврын тариалалт ойртсон энэ цаг үед Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй.
“Алсын хараа – 2050“ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг үндэсний хэмжээнд өрнүүлнэ.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Атрын IV аяныг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар үзүүлж ажиллаж байна. Үүнд:
-2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөг,гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар олгох,
-Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгох,
-2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй 45 мянган тонн хүнсний улaан буудайг төр худалдан авч тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх,
-ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яаманд санал хүргүүлж хамтран ажилласнаар хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн эрдэс бордоог импортоор авах боломжийг бүрдүүлэх,
-Энэ удаагийн хаврын тариалалтад шаардагдах 22 мянган тонн шатахуунаар тасралтгүй хангах, үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.
Ер бусын хямралын цаг үед эхэлж буй энэ удаагийн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшнээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хаврын тариалалтад манлайлан ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад уриалж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.