Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна.
Тодруулбал, уг хэргийн шалгаж буй АТГ-ын ажлын хэсгийнхэн цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргажээ. Мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.