Томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаатай холбоотойгоор вакцинжуулалтын явц, тус өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ. Өвчний зарим шинж тэмдэг “Ковид-19”-тэй адилхан байгаа учир иргэд ялгахад хэцүү байгаа талаар ярьж байна. Хэрхэн коронавирусээс ялгах вэ?
-ХӨСҮТ-өөс жилийн дөрвөн улиралд буюу 365 хоногийн турш томуу, томуу төст халдварт өвчний тандах тандалтын тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд энэ тогтолцоог амбулатори, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилчилгээнд суурилсан болон уг өвчнөөр эдгэсэн хүмүүсээс сорил авч лабораторид тандалт хийх хэлбэрээр 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсаар ирсэн.
Аливаа халдварт өвчин улиралжилт, хөдлөл зүй, насны онцлогтой байдаг. Иймээс манай улс эрс тэс уур амьсгалтай тул есдүгээр сараас сэрүүн болж эхэлдэг бөгөөд үүнтэй холбоотой томуу, томуу төст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг ирэх оны гуравдугаар сар хүртэл авч, хэрэгжүүлдэг.
Иргэд томуу, томуу төст өвчин болон коронавирусийг ПГУ шинжилгээ эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч ялгах боломжтой.
-Уг өвчнөөр хэдээс хэдэн насныхан гол төлөв өртөж байна. Томуу томуу төст өвчний үед хүний биед ямар шинж тэмдэг үүсэх вэ?
-Томуу, томуу төст өвчнөөр гол төлөв 15 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх шинжтэй байдаг бөгөөд ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд риновирусийн халдварт өртөх эрсдэл илүүтэй байдаг.
Энэ төрлийн вирусийн үед шингэн нус гоожих буюу нусгайрах, амьсгалын дээд замын зовуурь их буюу хоолой сэрвэгнэх, өвдөх, ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг.
-Та гол төлөв хүүхэд багачууд өвдөж байгаа гэлээ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ хөнгөн өвдөх үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Мөн өвдөхөөс нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хүүхэд эхэн үедээ мэдээж хөнгөн тусах бөгөөд энэ үед ээж аавын анхаарал халамж чухал юм. Эмчийн зааврын дагуу хүүхдээ дааруулахгүй, дулаахан байлгах, халуун бүлээн шингэн зүйл өгөх хэрэгтэй. Ингэснээр хүндрэхээс сэргийлж хөнгөн үед нь хэд хоногийн дотор эдгэх боломжтой.
Түүнчлэн хавар, намрын завсрын улирлын энэ үед хүүхэд, залуучууд нимгэн хувцас өмсөх тал байдаг. Хүүхдэдээ малгай, ороолт өмсүүлэх нь чухал юм шүү. Үүнд эцэг эхчүүд сайн анхаараарай.
Одоо хүн бүр коронавирус гэсээр бусад өвчлөлд анхаарал тавих байдал сул байна уу даа гэж харж байна. Энэ маш буруу юм шүү. Амьсгалын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн үр дүнтэй аргуудыг танилцуулбал:
-Гараа бохирдсон тухай бүрд зөв, дарааллын дагуу сайн угаах, -Зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
-Амны хаалтаа тогтмол зүүх зэрэг нь коронавируст өвчлөлөөс гадна амьсгалын халдвараас сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга юм. Өнгөрсөн жил гэхэд томуугийн халдвар манайд орж ирсэнгүй. Зөвхөн томуу төст өвчин эргэлтэд орсоор зунтай золгосон. Энэ нь иргэд ЭМЯ-ны зөвлөмжийг маш сайн дагаж мөрдсөний үр дүн юм.
-Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтын ач холбогдлын талаар та тайлбарлана уу?
-Манай улс улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд манай Засгийн газар томуугийн вакциныг есдүгээр сард хүлээн авч, эрсдэлт бүлэг болон 12 хүртэлх насны хүүхдүүдээ бүгдийг хамрууллаа.
Вакцинжуулалт хийлгэснээр хүүхдүүд хүндрэл болон эндэгдлээс сэргийлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, өвдсөн ч хөнгөн тусах болно.
-Томуу, томуу төст өвчний энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Маш олон аргаар дэмжих боломжтой. Томуу, томуу төст өвчний энэ үед тав хүртэлх насны хүүхдийнхээ унтах, тоглох цагийг тааруулах буюу 22:00 цаг гэхэд унтуулж хэвшүүлэх хэрэгтэй. Учир нь, тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчин эсэргүүцэх даавар 22.00 цагаас хойш унтаж байхад нь ялгардаг юм. Том хүний хувьд ажил амралтаа зохицуулах буюу дунджаас наймаас дээш цаг унтах хэрэгтэй.
Түүнчлэн: Дулаан хувцаслах, Жимс жимсгэнэ, шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх, Малын гаралтай уургийг зохицуулж хэрэглэх, Биеийн тамир дасгал, хөдөлгөөн идэвхитэй хийх.Эмчийн заавраар витамин ууж, дархлаагаа дэмжиж болно.
Эх сурвалж: Zaag.mn