“Түмэн айл инвест” компаний үйл ажиллагааг түр зогсоолоо

Дорноговь аймгийн Мандах суманд тус компани нүүрсний ашиглалтын лиценз авсныг малчид эсэргүүцэж, үймээн зодоон болоод байгаа билээ. Өчигдөр аймгаас нь тус компаний үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг ирсэн. Мэрэгжлийн хяналт, байгаль орчин, газрын алба, цагдаагийн байгууллага оролцсон шалгалтаар “Түмэн айл инвест “ компани хууль зөрчин кемпээ барьсан нь тогтоогдсон байна. Мөн хэд хэдэн бичиг баримт дутуу үйл ажиллагаа эхлүүлсэн учир тус компаний үйл ажиллагааг түр зогсоолоо. Тус компани:
1. Газар, ус ашиглах гэрээ байхгүй
2. Газрын төлөв чанарын хянан баталгааны тайлан байхгүй
3. Археологи, палентологийн тайлан хангалтгүй
4. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй
5. Газар ашиглах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй
үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.
Дээрхи асуудал шийдэгдтэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус компанид үүрэг болгожээ. Энэ компаний талаар аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж шийдвэр гаргахаар болсон байна. Малчид уурхайг өөрсдийн нутгаасаа бүрмөсөн хөөж гаргахыг шаардсаар байна. Уурхайн гадаа малчид суултаа үргэлжлүүлж, хоносоор байна.
Мал төллөж, ямаа самнах ид ажлынхаа үеэр малчдыг дахин уурхай мануулах ажлыг аймгаас нь хийж байгаад малчид гомдолтой байна. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж нутгаа уурхайн олборлолтоос хамгаалж байна.
Малчид, мөнгөтэй уурхайн аль талд төр нь шийдэхийг харья!!
Дорноговь Мандах сум. 2022.04.14