“Ид шидийн орон” жишиг төвийг орон нутагт байгуулахаар тендер зарласан. Тэгвэл тендерийн сонгон шалгаруулалтын дүн албан ёсоор гарч, “Ид шидийн орон” жишиг төв Дундговь аймагт баригдахаар болжээ. Нэгдүгээр шатанд нийт 9 аймгаас материал илгээсэн бөгөөд хоёрдугаар шатанд аймгуудаас нэмэлт мэдээлэл авч сүүлийн шатанд Дорноговь, Дундговь аймгууд шалгараад байсан юм. Дөрөвдүгээр сарын 11-12-нд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр аймгийг зорьж дэд бүтэц, газар, байршил, аймгийн нөөц боломж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төсөл хэрэгжүүлэх баг хамт олон, орон нутгийн дэмжлэг зэрэг боломжуудыг судалсны эцэст энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Энэ тухай Лантуун дохио ТББ-н тэргүүн У.Ганбаяр өөрийн цахим хуудаснаа “Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэсэн иргэдийн оролцоо ямар хүчтэй болохыг бусад аймгууд тус бүтээн байгуулалтын явцаас суралцах боломжтой. Биднээс шаардлагатай дэмжлэгийг аваад бодитой үр дүн гаргах бүх боломж аймаг аймагт бий гэдгийг дахин дахин сануулъя. Үр дүнтэй хамтын ажиллагаа бол орон нутгийн нөөц боломж, иргэд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, бизнес гээд бүхий л талын оролцоотойгоор бүтээсэн, нэгдсэн, оролцсон, үр дүнд хүрсэн туршлагыг хэлэх биз ээ. Бүхий л аймгууддаа маш их баярлалаа” гэжээ.