Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөллөө. Өнөөдрийн байдлаар гурван байршилд хашаа, хайс буулгаж, орц гарцыг чөлөөлж байна.
Энэ тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Өнөөдрийн хашаа, хайс буулгаж, газар чөлөөлөх ажилд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гадна Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. Энэ хашааг барьснаас болж, хотхоны иргэд зорчихоос бусад хөдөлгөөн хязгаарлагдмал болчихсон байсан. Тиймээс хашааг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн эзэмшилд шилжүүлж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан, албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд зөвхөн Их тойруугийн 1100 га газарт судалгаа явуулсан. Бусад дүүрэгт ч судалгааг үргэлжлүүлж байна. Судалгаанаас харахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт л гэхэд буулгаж, газар чөлөөлөх шаардлагатай 11 байршлын хашаа, хайс байна. Тэдгээрээс гурван байршлын газрыг өнөөдөр чөлөөлж байгаа. Газар эзэмшигчдийн тухайд эсэргүүцэж дургүйцэх нь бага, харьцангуй эерэг хандлагай байна. Зарим нь бүр бидэнтэй хамтарч ажиллаж байгаа” гэлээ.
Нийтийн эзэмшлийн хашаа хайсаас гадна барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулж байдаг. Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын хэлтсийн дарга Д.Өлзийсайханаас тодрууллаа.
Тэрбээр “НИТХ-аас 2019 онд баталсан “Хашаа хайс барих, буулгах журам” бий. Мөн саяхан Хотын стандартыг баталсан. Энэ бүгдийг баримтлан ажиллах үүргийг аж ахуйн нэгж бүр хүлээдэг. Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан буюу цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байхаар заасан байдаг. Энэ бүхнийг биелүүлэх шаардлагыг бид тавьж ажилладаг” хэмээлээ.
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүйгээр хашсан, хайс тор татсан, нийтийн эзэмшлийг зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчил олон бий. Иргэн таны ажиллаж амьдарч буй орчинд ийм төрлийн зөрчил байгаа бол мэргэжлийн байгууллагуудад мэдээлж, зөрчлийг арилгуулах боломжтой юм. Иргэдийн мэдээллийг check my service аппликэйшн болон 1800-1200 дугаарын утсаар авч байна. Мөн харьяа хороондо мэдээлэх бөгөөд мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагынхан ажиллах юм.
Эх Сурвалж. Нийслэлийн, сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар