Орос дайн өдүүлж, олон улсын хориг арга хэмжээнд орсноор нийлүүлэлт тасалдаж, үүнийг дагаад үнийн хөөрөгдөл ч гарав. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, дайн эхлүүлээд сар орчим хугацаа өнгөрөхөд Орост үнийн өсөлт дээд хэмжээндээ хүрсэн гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сард үнийн өсөлт 7,6 хувьтай байсан нь дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Оны дүнгээр буюу 2021 оны гуравдугаар сараас хойших үнийн өсөлт 16,7 хувь болжээ. Энэ нь 2015 оны гуравдугаар сараас хойш ажиглагдсан хамгийн өндөры үзүүлэлт аж. Украин руу довтолсноос хойших нэг сарын хугацаанд Орост хүнсний бүтээгдэхүүн, техник, хувцас, эм бэлдмэл, автомашин, төрөл бүрийн үйлчилгээ гээд бүгдийнх нь үнэ нэмэгджээ.
Энэ нь рублийн ханш унаж, Оросоос гадаадын брэнхдүүд гарсантай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Мөн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэт өссөн бөгөөд дайн эхэлсэн эхний өдрүүдээс л оросууд дэлгүүрийн лангуунаас элсэн чихэр, будаа, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг олон барааг хамжээ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын Росстат /Статистикийн байгууллага/ “тусгай цэргийн ажиллагаа үнэд хэрхэн нөлөөлсөн” талаарх тайланг танилцуулсан юм. Энэ тайланд нийтэлсэн тоон үзүүлэлтийг харахад гуравдугаар сард Орост бараг бүх бараа үйлчилгээний үнэ нэмэгджээ.
Орост хамгийн ихээр үнэд орсон бүтээгдэхүүн нь элсэн чихэр. Гуравдугаар сарын байдлаар энэ бүтээгдэхүүний үнэ 70 хувиар өсжээ. Үүний араас, нарийн ногоо 34,83 хувиар өссөн байна. Харьцуулвал, олон улсын хоригт орсон улсад элсэн чихрийн үнэ 70 хувиар өссөн бол хоригт ороогүй ч “бусдаас хамааралтай” Монгол улсад энэ бүтээгдэхүүний үнэ 90 хувиар өсжээ. Хүнснийхээ ихэнх хувийг гадаад орнуудаас импортлодог Монгол Улсад “хил хаалттай”, “нийлүүлэлт тасалдсан” зэрэг шалтгааны улмаас хүнсний гол нэрийн барааны үнэ 14-130 хувь өссөн юм.
ОХУ-д жилийн дүнгээр, хүнсний бус инфляци 20 гаруй хувиар өсчээ. Тухайлбал барилгын материалын үнэ 32 хувиар, төрөл бүрийн техникийн үнэ 40 хувиар нэмэгдсэн байна. Ахуйн цахилгаан хэрэгслийн дундаас хамгийн их үнэ нь өссөн бараа нь угаалгын машин болжээ. Угаалгын машины үнэ өнгөрсөн сард 46 хувиар нэмэгдсэн байна. Үүний араас, хөргөгчний үнэ 35 хувь, цахилгаан зуух 27,5 хувиар нэмэгдсэн бол компьютерийн дэлгэц 36 хувь, зурагт, зөөврийн компьютер 20 хувиар өсжээ.
Амин чухал шаардлагатай болон чухал эмийн жагсаалтад багтдаггүй эм бэлдмэлүүдийн үнэ 15 хувиар өссөн бол нэн чухал эмийн үнийн өсөлт таван хувь болсон байна. Ахуйн бараанаас хамгийн ихээр өссөн нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл, живх, угаалгын нунтаг бөгөөд эдгээр бараанууд 15 хувиар өсжээ.
Shuud.mn Г.Бямбасүрэн