УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн Банкнаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдосон, энэ асуудлаас үүдэж Г.Амартүвшин гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлэн уг асуудлыг иргэний хувиар шалгуулах гэж байгаа мэдэгдсэн билээ.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор хуульч Т.Мөнх-Оргил өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг өөрийнх нь хүсэлтээр шийдвэрлэх тухай хуульчлаагүй бөгөөд хуулийн хувьд боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Харин гишүүний бүрэн эрхээсээ татгалзах буюу чөлөөлөгдөх тухай асуудлаар зохицуулсан байдаг ба өөрөө хүсэлтээ гаргасан тохиолдолд УИХ түүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж болно. Өмнө нь яг энэ асуудлаар УИХ гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн түдгэлзүүлэх тухай хүсэлт өгсөн боловч хуулийн хувьд боломжгүй тухай шийдвэрлэж тэрээр бүрэн эрхээсээ татгалзаж байсан” гэжээ.
Харин уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.
Тэрбээр “Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан байна. Түдгэлзэх бол өөрийн хүсэлтийн асуудал биш. Түдгэлзүүлэх эрх нь Улсын ерөнхий прокурорт хадгалагдаж байдаг бүрэн эрх юм. Түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор хоёр тохиолдолд оруулж болно. Нэгдүгээрт, хэрэв тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг баривчлаад, гурван цагийн УИХ-ын даргад мэдэгдэх ёстой гэдэг хуулийн зохицуулалт бий. Хоёр дахь нь, тухайн гишүүнийг хуулийн байгууллага шалгах явцад гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдвол түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлдэг.
Харин УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргавал юу болох вэ.Парламентын гишүүнийг хуулийн байгууллага шалгаж эхлээгүй бол УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцдэг.
УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгснөөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах хэрэгтэй болно. Энэ дэд хороо хуралдаад “УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хууль зүйн үндэслэл байхгүй учир хэлэлцэх боломжгүй” гэж үзнэ. Ингэснээр уг асуудал зогсоно.
Г.Амартүвшин гишүүн хүсэлтээ өгчих юм бол дэд хороогоор уг асуудлыг хэлэлцээд хуулийн мухардалд орлоо, хэлэлцэх үндэслэлгүй байна гээд буцаана. Тэгэхээр олон нийтийн зүгээс УИХ энэ асуудлыг хэлэлцэхгүй, хамгаалж байна гэдэг бухимдал үүснэ. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн ийм хүсэлт гаргаж байгаа нь хоёр зорилготой байж болно. Эхнийх нь энэ асуудал хуулийн мухардалд орохыг мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлэн, шударга гишүүний дүрд тоглох. Эсвэл хуулиа мэдэхгүй байна.
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх ямар ч боломжгүй учир үр дүнгүй юм. Харин УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүндэтгэх үзэх үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч болно. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ар гэрийн гачигдал, өөр албан тушаалт томилогдох болсон зэрэг үндэслэлийг хуульд заасан байдаг.
Нөхдөдөө зөвлөж хэлэхэд шалгагдаж байгаа асуудал чинь гарын үсэг, орсон гарсан гүйлгээгээр баталгаажсан. Харин үнэхээр энэ асуудал холбоогүй бол чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд шалгуул” гэжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон ч хүчингийн гэмт хэрэгт холбогдон, шалгуулж байх хугацаандаа бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан билээ.