Төв талбай дээгүүр улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас үйлдлийг таслан зогсоож, шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогджээ.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1.77 хувьтай гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлсэн байна. Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтэрсэн зэрэг зөрчил гаргасан. Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.