“Газопровод союз восток” компанийн захирал Евгений Асеев байгалийн хийн хоолойн төслийн танилцуулга хийсэн байна. Ингэхдээ газартай холбоотой асуудлыг хэрхэн төлөвлөсөн талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр “Хийн хоолойн барилга байгууламжтай холбоотой баримтлах хатуу стандартууд бий.
Жишээлбэл,
- Нисэх онгоцны буудлаас хол
- Хоолойн ойролцоо 420 метр газарт 100-аас дээш хүний багтаамжтай объект барихгүй байх
- Хоолойгоос хоёр тийш 25 метр өргөнтэй, хий дамжуулах хоолойн аюулгүй байдлыг хангах болон болзошгүй эрсдэлээс сэргийлэх хамгаалалтын бүс болгон тогтоох гэх зэрэг.
Хийн хоолой баригдаж дууссаны дараа багадаа 250 метрийн зайд гэр барих боломж бий. Монголд гэр барих газар их байгаа. Гэхдээ малчдад малын өвөлжөө барих хүндрэлтэй байдгийг сонссон. Тийм учраас бид замдаа таарсан бүх өвөлжөөнүүдийг тойрохыг хичээсэн. Үүнээс шалтгаалан трасс нэлээн урт болсон. Орон нутгийн иргэдийн хувьд газрын асуудал чухал гэдгийг бид ойлгож байгаа. Бид трассыг тодорхойлсны дараа Монгол Улсын Засгийн газраас 1,000 метр газрыг нөөцөлсөн учраас одоогоор газрыг хэн нэгний эзэмшилд өгөөгүй, хязгаарлалтад авсан. Энэ хэмжээний газар хэзээ ч, хэнд ч өгөгдөхгүй гэсэн асуудал бол биш.
Бид нар одоо судалгаа явуулж байна. 1,000 метрийн бүсэд трасс бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай. Трассын явцад гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа эдлэн газрыг дайран өнгөрөх болж байна. Ихэвчлэн энэ нь хөдөө аж ахуйн зориулалттай тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон хохирлыг тухайн эздэд нь нөхөн төлнө. Уг хохирол нь зөвхөн барилгын ажил явагдах үе шатанд байна. Хэрвээ тухайн газарт талбайн байгууламж барих шаардлагатай тохиолдолд газрын эзэнд түрээсийн төлбөр төлнө” гэв.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан. “Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор багтаан дуусгахаар байгаа юм. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийднэ гэдгээ хэлсэн байна.
1 comment
Mongol uls hiin hooloi damjin unguruulj bgaa tohioldold turees avahgui zuvhun neg irgend tuluhuur oilgogdood bh ium buruu oilgood bna uu.