Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх цаг нь болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ. Автомашины бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэлийн хувьд Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаа. Үүнийг эрх зүйн хувьд шийдэх ёстой. Нөгөөтээгүүр бүртгэлийг хот хариуцдаггүй, өөр газар, яаманд харьяалагддаг. Бүртгэл, татвар хоёр салшгүй холбоотой байх ёстой. Дээрээс нь Улаанбаатар хот газрын асуудлаа шийдэж, үнэлгээ, татвараа тогтоож чадахгүй байгаа. Иргэдэд нээлттэй бирж болоод явъя гэхээр бас л эрх зүйн хувьд яамд болоод дээд шатны байгууллага нь салгаад аваад явчихдаг. Энэ бүхэн эргээд нийслэлийг хөрөнгийн чадваргүй, хөгжиж дэвжихгүй байгаа үндэс нь болчихоод байгаа юм шүү. Төсвийн хараат байдлаар их хотын амьдралыг авч явахгүй гэдэг нь нотлогдоод байгаа. Бүртгэлтэй байж ухаалаг зохицуулалтыг хийнэ” хэмээлээ.