Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Нийслэлийн Засаг дарга болоод дүүргүүдийн дарга нар ойлголцож ажиллахын тулд бүртгэлийн байгууллагыг зорин ирж буй анхны тохиолдол гэдгийг тодотгосон юм.
Нийслэл Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол аль хэдийнээ 1.8 саяд хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан онцолсон. Нэг дүүргийн бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж буй хүний тоо нэг аймгийнхаас 4-5 дахин их байдаг аж. Иймээс бүртгэлийн байгууллагын ажил үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна.
Гэхдээ бүртгэлийн байгууллагын үйлчилгээ харьцангуй хөнгөн, хялбар болсныг өнөөдрийн уулзалтаас харж болохоор байлаа. Иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна. Мөн гадаад пасспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авахуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, пасспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. Бүртгэлийн байгууллага нийт 2.15 сая үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэдээс гарах зардлыг 30 тэрбумаар хэмнэсэн байна.