Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
-Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр ажиллаж байна.
Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад нийт энэ оны тариалалтад зориулж 43,000 тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16,000 тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр зээлээр олгоно.
-Шатахуун, ургамал хамгааллын бодис зэрэг бусад шаардлагатай зүйлсийн нөөц, хангамж хэр байна?
-Хаврын тариалалтад шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо чухал шаардлагатай. Шатахууны нөөцийг тасалдалгүй, хэвийн байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Жил бүрийн 1-2 дугаар сард газар тариалангийн салбарт хэрэглэх ургамал хамгааллын бодис, бордооны жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Үүний дараа ургамал хамгааллын бодис импортлогч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд бодисын квот олгох ажлыг зохион байгуулдаг. Квот олгох ажил бүрэн хийгдсэн. Импортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй гэрээгээ байгуулаад ургамал хамгааллын бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн ОХУ бордооны экспортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавихаа бидэнд Гадаад харилцааны яамаар дамжуулан мэдэгдсэн. Тиймээс бид Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-д хүсэлт илгээсний дагуу хаврын тариалалтад хэрэглэх бордоо, тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах азот агуулсан нийлмэл бордоог экспортлох квотыг манай улсад онцгойлон олгосон. Үүний дагуу бордоо импортлогч аж ахуйн нэгжүүдийг ОХУ-ын бордоо үйлдвэрлэгчидтэй холбох ажлуудыг зохион байгуулаад эхний гэрээ хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар 4,3 мянган тонн бордоог ОХУ болон Узбекстан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн. Эхнээсээ бордоо гааль дээр орж ирж байна.
-Тэгэхээр хаврын тариалалт технологийн хугацаандаа эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэж ойлгож болох уу?
-Хаврын тариалалт үндсэндээ 5 дугаар сарын эхний 10 хоногоос эхэлдэг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад сарын хугацаанд үр тарианы тариалалт явагддаг. Тэгэхээр үр тарианы тариалалт технологийн хугацаандаа эхлэх бүрэн боломжтой. Одоогоор аж ахуйн нэгжүүдийн түвшинд техникийн засвар, тариалалтын өмнөх талбайн хөнгөн боловсруулалт болох чийг хаах зэрэг технологийн ажлууд явагдаж байна.
-Энэ жил хүнсний ногоочид руу чиглэсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан. Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь хүнсний ногоочдод урамшуулал олгох түүхэн шийдвэр юм. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам байдаг. Энэ журмыг Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд хамтран баталдаг. Урамшууллыг энэ намрын ургацаас тооцон олгоно. Үндсэндээ улаанбуудайд урамшуулал олгодог журмын дагуу зохион байгуулна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам батлагдахаар илүү тодорхой болно.
Бид цахим шилжилтийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, цахим мэдээллийн сан байгуулах, бүртгэл хяналтын систем, мөшгөх тогтолцоог бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. www.plant.mofa.gov.mn гэсэн холбоос бүхий энэ системд тариаланчид, ногоочид өөрийн эзэмшлийн талбай, талбайд хийгдсэн ажлаа бүртгүүлэх улмаар сумын хөдөө аж ахуйн тасгаар баталгаажуулах шаардлагатай байна. Өнгөрсөн жил аймаг, нийслэл, сум дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан газар тариалангийн систем нэвтрүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан.
Тариаланчид, ногоочид системд бүртгүүлсний дараа тариалсан талбайн түүх, технологийн ажлуудыг тухай бүр энэ системдээ тэмдэглээд явах боломж бүрдэж байгаа. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог, цахимаар хүсэлтээ илгээдэг хэлбэрт шилжиж байна. Тийм учраас манай тариаланчид, ногоочид энэ системдээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй болохыг дахин онцлон хэлье. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/96 дугаар тушаалаар ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх журам, заавар батлагдсан.
-Хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлөн олгохоор болсон. Үүнд хамрагдахын тулд хаана хандах хэрэгтэй вэ?
-Засгийн газраас улсын төсвөөс худалдан авсан хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгох шийдвэр гаргаж, үрийг худалдан авах ажил зохион байгуулсан. Энэхүү дэмжлэгт шинээр хүнсний ногоо тариалах гэж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулъя гэсэн бодлоготой байгаа. Тэгэхээр иргэн, аж ахуй нэгжүүд газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газартаа хандаж захиалга өгөх боломжтой. Аймаг, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний ногооны үрийг хувиарлаж олгох ажлыг хариуцна. Шалгуурыг орон нутгийн түвшинд зохион байгуулна.
Ярилцлагыг: ХХААХҮЯ