Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Фредерика Могеринигийн шийдвэрээр Дипломат төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээнэ гэж тус холбооны албан ёсны цахим хуудсанд өчигдөр мэдээлжээ.
Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хэлэхдээ “Манай холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газраа нээнэ гэсэн амлалтаа биелүүлж байна. Орос, Хятадын дунд геостратегийн онцгой байршилд оршдог, ардчилсан засаглалтай Монгол Улс нь бидний чухал түнш билээ. Би тус улсад гурван удаа зочилсон бөгөөд хамгийн анх 1998 онд, сүүлд 2016 онд очиж байсан” гэжээ.
Харин Фредерика Могерини “Монгол орны гайхалтай ахиц дэвшил, хөгжилд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Цаашдын харилцаагаа хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээг удахгүй байгуулна” гэж хэлсэн байна.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ оны тавдугаар сарын 2-нд Бельги улсад албан ёсны айлчлал хийж, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзан, Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхах үеэрээ энэ тухай ярилцаж байсан аж.
Европын холбоо нь одоогоор 114 улсад төлөөлөгчийн газраа нээгээд буй бөгөөд манай улсад энэ жилдээ багтаан байгуулах гэнэ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин