Унгарын эрчим хүчний MVM компани хийн төлбөрийг рублиэр хийх асуудлыг Газпромтой хэлэлцэж байна гэж Будапешт дэх ОХУ-ын Элчин сайд Евгений Станиславов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Үүний зэрэгцээ Элчин сайд Унгарын удирдагчдын энэ асуудлаар хийсэн албан ёсны тайлбарыг мэдэхгүй гэдгээ онцолжээ.
Гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газар болон Төв банк, Газпром компанид найрсаг бус орнуудад нийлүүлдэг хийн төлбөрийг рублиэр шилжүүлэн авах ажлыг зохион байгуулахыг даалгаад байгаа. В.Путин холбогдох шийдвэрт гарын үсэг зурсан бөгөөд энэ шийдвэр 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байгаа юм.
Шийдвэрийн дагуу Газпром банк гадаадын худалдан авагчдад хийн төлбөрийг төлөх тусгай валют, рублийн данс нээнэ. Худалдан авагч нь “цэнхэр түлш” нийлүүлэх гэрээнд заасан валютаар эхний данс руу мөнгө шилжүүлэх боломжтой бөгөөд банк үүнийг Москвагийн бирж дээр зарж, дараа нь хий нийлүүлэгчтэй тооцоо хийх юм.
Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек энэ шийдвэрийг “Их 7”-ын орнууд Москвагийн байр суурьтай санал нийлэхгүй байна гэдгээ мэдэгдсэн бөгөөд хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлагыг гэрээ хэлэлцээрийг нэг талын зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа мэдэгдээд байгаа юм.
1 comment
Ингээд л хийгээд л амьдраад л яв л даа. 2 улсын хэрэгт бүү оролц!!!