Хавдар Судлалын Үндэсний Төвөөс /ХСҮТ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус төвийн захирал Н.Эрдэнэхүү “ХСҮТ болон УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн харьяалал бүхий “Энвермэд” ХХК-ийн хооронд эмнэлгийн байр түрээслэхтэй холбоотой асуудал 2018 оноос эхэлж үүссэн. Энэ нь хуулийн дагуу шийдэгдэж дууссан боловч иргэн М.Билэгт Хөгжлийн банкны зээл нь сөхөгдөөд эхлэнгүүт төрийн байгууллагыг уг асуудалдаа холбогдуулан дахин маргаан үүсгэж байна.
“Энвермэд” ХХК-ийн эмнэлгийн барилгыг ХСҮТ түрээсэлснээр жил бүр таван тэрбум төгрөг, гурван жилд 15 тэрбум төгрөг төлөх ёстой. Тухайн мөнгөөр нь Хөгжлийн банкны зээлээ төлөх байсан юм гэсэн асуудлыг М.Билэгт ярьж байгаа. Гэтэл манай хоёр байгууллагын хувьд ямар ч гэрээ байгуулаагүй байхад хохирол нэхэмжилж байна. Энэхүү түрээсийн гэрээ хийгдээгүй шалтгааныг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газраас болсон гэж тайлбарлаж байгаа юм.
ХСҮТ-ийн захиргаа, хамт олон жил бүр таван тэрбум төгрөгийн түрээс төлснөөс өөрийн эмнэлэгтээ хагалгааны шинэ орчинг бүрдүүлэхийг зорьсон. Ингээд хагалгааны вакум өрөө, сэрээх өрөө, эрчимт эмчилгээний тасгийн ес, нийт 21 өрөө бий болгосон. Үүнийг бид зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа. Учир нь хагалгааны хүлээлт хоёр дахин буурсан” гэлээ.