Япон улс Оросын газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслөөс гарахгүй гэж Ерөнхий сайд Фумио Кишида парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. Фумио Кишида “Манай улс Сахалин-2-д хувь эзэмшдэг бөгөөд энэ нь урт хугацааны, тогтвортой нийлүүлэлтэд хувь нэмэр оруулна. Тиймээс энэ төсөл бол эрчим хүчний аюулгүй байдлын хувьд туйлын чухал төсөл юм” хэмээн хэлснийг Bloomberg ишлэн мэдээлжээ.
Мөн Японы Ерөнхий сайд “Манай улсын бодлого бол төслийн оролцогч хэвээр байх явдал юм” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Кишида Япон улс G7-ийн бусад орнуудын нэгэн адил эрчим хүчний салбарт Оросын хараат байдлыг бууруулахад хүчин чармайлт гаргана гэжээ. Өнгөрсөн онд Японы шингэрүүлсэн байгалийн хийн импортын 9 хувийг ОХУ хангасан байна.
“Сахалин-2” төслийн хувьцааг эзэмшдэг Mitsui & Co, Mitsubishi Corp компаниуд төслөөс гарах бодолгүй байгаа талаар өмнө нь Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм.