Баянзүрх дүүргийн удирдлагын баг 7 хоног бүрийн нэг өдөр иргэдтэй уулздаг. Энэ хүрээнд өнөөдөр 60 гаруй иргэдтэй уулзлаа. Уулзалтад ирсэн иргэдийн 50% нь газрын асуудалтай, 20-30% орц гарцны асуудлаар уулзлаа.
Үлдсэн иргэд мод тарих хүсэлтэй, ногоон хөгжилтэй холбоотой асуудлаа ярилцсан юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүрэг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл хүргэсэн. Мөн Баянзүрх дүүргээс мод тарих хүсэл сонирхолтой иргэдэд зориулж Улиастай, Хонхор орчмын бүсийн аль нэгд 20-30га газрыг нэгдсэн байдлаар олгох талаар ярьсан юм.
Н.Баярмөнх: “Мод тарихын тулд газар асуусан иргэд нилээдгүй байна. Үүнийг бид шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Хонхор эсхүл Улиастай орчимд 20-30га газрыг нэгдсэн байдлаар гаргаж өгч шаардлагатай худаг, тохижилтыг хийж мод тарих хүсэлтэй иргэдийг хамтад нь хамруулахаар төлөвлөж, судалж байгаа” гэсэн юм.
Газрын маргаан холбогдох асуудалтай иргэд холбогдох мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж авсан. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс бизнес эрхлэхэд хүндрэл учирсан зарим иргэдэд шаардлагатай зөвлөгөө, тусламжийг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.