ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын дунд “Монгол оюун дэлхийн сонорт” уриан дор зохион байгуулагдсан илтгэлийн тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд болов.
ОХУ дахь Монгол оюутнуудын холбооноос Москва дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Новосибирск, Челябинск зэрэг хотуудад суралцаж буй оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтад 10 оюутан тунаж, “”ОХУ-д ургаж буй монгол оюун”, “Хүн бүр Элчин сайд”, “Мөнхийн хөрш” гэсэн сэдэвт илтгэлүүдээ цахимаар болон биечлэн хэлэлцүүлэв.
Илтгэлийн агуулга, утга санааны өгүүлэмж, илэрхийллийн уялдаа холбоо, дэс дараалал, илтгэх чадвар зэрэг 5 шалгуур үзүүлэлтээр дүнг гаргахад нэгдүгээр байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Ц.Марал, хоёрдугаар байранд Үндэсний судалгааны Цөмийн “МИФИ” их сургуулийн Обнинск хот дахь Атомын эрчим хүчний сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Ц.Бямбасүрэн, гуравдугаар байранд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Т.Танан нар шалгарав.
Уралдааныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй тул оролцогчдын олонх нь “Хүн бүр Элчин сайд” гэсэн сэдвийг сонгон авч, илтгэлээ бэлдсэн байв. Оюутнууд “Монгол орон, монгол хүнийг гадаадад биднээр, надаар төлөөлүүлэн хүлээн авна. Тиймээс бид сайн суралцахын сацуу өндөр ёс суртахуунтай, харилцааны болон ахуйн үлгэрлэхүйц соёлтой байх ёстой” гэсэн санааг түлхүү илэрхийлжээ.