Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинд хандан Жо Байдены хүү Хантер Байдены нууцыг дэлгэхийг уриалав

2022-03-30 21:43
Donald Trump

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантерын нууцалсан баримт бичгүүдийг олон нийтэд ил болгохыг уриалав. Д.Трамп гуравдугаар сарын 29-ний Мягмар гаригт “Real America’s Voice” телевизэд өгсөн ярилцлагадаа Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина Хантер Байденд 3.5 сая доллар төлсөн гэж мэдэгдээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан “Би Путиныг энэ асуудлыг мэдэж байгаа, түүнд хариулт байгаа байх гэж бодож байна. Одоо түүнийгээ өгөх ёстой гэж бодож байна” хэмээн хэлэв.

Доналд Трамп Хантер Байденыг Батуринагаас мөнгө авсан гэж мэдэгдсэн ч ямар нэгэн нотлох баримт өгөөгүй байна. Харин Байден Лужковын эхнэрээс мөнгө авснаа үгүйсгэжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2019 онд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Хантер Байден нарын тухай мэдээллийг дэлгэсэн хэргээр Трампыг огцруулах ажиллагааг эхлүүлж байсан юм. Хантер нь Украйны байгалийн хийн “Бурисма” компанид ажиллаж байх хооронд түүний аав Жо Байден АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Трамп “Бурисмаг” компаниас авлига авсан Хантерийг хамгаалахын тулд Украинд Ерөнхий прокурорыг огцруулах асуудал хөндөгдсөн талаар ч мөн дурджээ.

Франс Пресс агентлаг энэ талаар мэдээлэхдээ Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн зарлаад байгаа. Ийм үед Д.Трамп В.Путинаас тусламж хүсч байна гэжээ.

Байден саяхан Путин “Засгийн эрх барьж чадахгүй” хэмээн мэдэгдсэн нь Орос, АНУ-ын харилцааг улам хурцатгаад байгаа юм.

Эх сурвалж: DW