Германы эрх баригчид ОХУ-аас нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд тус улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах онцгой байдлын төлөвлөгөө гаргажээ. Энэ тухай Блүүмберг Германы Эдийн засгийн сайд Роберт Хабекээс иш татан мэдээлэв.
Оросын тал хийн төлбөрөө рублээр төлөх эс бол нийлүүлэлтээ зогсооно хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэл хийсний дараа бид бэлэн байдалд шилжиж, хийн хангамжийн нөхцөл байдалд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдан өдөр бүр хуралдана гэж сайд мэдэгджээ.
Түүний хэлснээр, Германы Засгийн газар энэхүү төлөвлөгөөг боломжит гурван үе шаттайгаар авч үзжээ. Эдийн засгийн сайд Хабек өнөөдөр өөрийн зүгээс Германы компаниуд болон хэрэглэгчдэд хандан эрчим хүчний хэрэглээг багасгахад туслахыг уриалаад байна.
Одоогийн байдлаар ХБНГУ-ын хийн агуулахууд 25 орчим хувийн дүүргэлттэй байгааг сайд мөн онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын байгалийн хийн төлбөрийг доллар, еврогоор биш рублээр хийх зарлиг гаргасан бөгөөд үүний эсрэг гаргасан Европын орнуудын шүүмжлэлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Баруун Европт үнэ төлбөргүй хий нийлүүлэхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX