УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хаврын чуулганы онцлог юу байна. Ямар ямар хуулийн төслүүд дээр түлхүү анхаарч ажиллаж байна?
-Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас баталсантай холбоотойгоор тус бодлогыг үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зорьж байна. Цар тахлын нөхцөл байдал эхэн үеэ бодвол намжмал байдалд шилжлээ. Тийм учраас эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхэд тал талаасаа анхаарч байгаа. Мөн ОХУ болон Украины дунд үүссэн дайнтай холбоотойгоор манай улсын эдийн засаг хүндэрч, экспорт саарах төлөвтэй байна. БНХАУ цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээгээ төдийлөн сулруулахгүй, айдастай байна. Хөрш улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэн импортлогч манай улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа учраас энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Харин хуулийн төслүүдийн тухайд Төмөр замын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Өмнө нь манай улс Улаанбаатар төмөр зам хэмээх ганцхан компанитай байлаа. Тэгвэл одоо төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, төмөр замын дэд бүтэцтэй боллоо.Тиймээс төмөр замаа нэлээн либералчлах шаардлага тулгарч байна.
Төмөр замын тухай хуулийг нэлээд либерал хууль болгохоор үг, үсэг нэг бүр дээр нь анхаарч, хуулийн зохицуулалт дээр нь ажиллаж байна. Түүнчлэн хэд хэдэн ч ажлын хэсэг ахалж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гарсан. Өнөөдөр Монгол Улс даяар шүлхий өвчинд бүрэн баригдчихлаа. Шүлхий гараагүй аймаг, сум гэж байхгүй боллоо. Энэ чиглэлд нэлээд далайцтай арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Мөн Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдаад 10 гаруй жил болсон боловч хэрэгжилт нь нойл байна. Биржийн үйл ажиллагаа үндсэндээ огт явахгүй байна. Харин биржээр бараа бүтээгдэхүүн зарагдсан гэх нэрээр зүгээр л цаас үйлдвэрлэдэг ажилтай болсон.
Цар тахлаас өмнө 10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүн мэдээ байна лээ. Угтаа 10 тэрбум төгрөгийн цаас зарсан байгаа байхгүй юу. Намрын чуулган завсарлахын өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль УИХ-д орж ирсэн. Энэ бол маш чухал хууль. Ер нь бол уул уурхайтай холбоотой төрийн байгууллагууд болоод хувийн ААН, компаниуд сонгон шалгаруулалт явуулаад бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Тиймээс энэ байдлыг цогцоор нь шийдэж, олон улсын технологи руу оруулж, биржээр худалдаалдаг болох нь зүйтэй. Олон улсын зах зээл рүү уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг ойртуулахад уг хууль чиглэж байгаа юм. Ноос, ноолууртай холбоотой УИХ-ын даргын захирамж гараад уг ажлын хэсгийг мөн ахлан ажиллаж байна. Энэ мэтчилэн энэ удаагийн хаврын чуулганаар анхаарч ажиллах ажил, хуулийн төслүүд олон бий.
-Улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа талаар та хэллээ. Энэ жил манай улс 18 их наяд төгрөгийн төсөв баталсан. Хоёр хөршөөсөө хараат, импортлогч орны хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн сайжруулах гарц гаргалгаа байна вэ?
-Манай улс дотоодын нөөц бололцоогоо хамгийн их ашиглах ёстой болж байна. Би шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн шинэ сэргэлт салбар хуралдаанд суусан. Дотоод нөөц бололцоогоо хангасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүр үйлдвэрлэгч болох, ААН-үүдээ дэмжих бодлого явуулж, дотооддоо орлого олох тал руугаа бид явах бодлогыг барьж байна. Миний хувьд анх Шинэ хөдөө төслийг санаачлан Булган аймагт хэрэгжүүлсэн. Уг төслийг сүүлийн жилүүдэд 12 аймагт хэрэгжүүлээд байна.Одоо хөрөнгө оруулалт шууд шингэдэг барилга байгууламж, зам тавих биш буцаж эргэдэг хөрөнгө оруулалтуудыг хиймээр байна. Нэн тэргүүнд манай улсад хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулалтуудаа хийх нь чухал байгааг ч иргэд, бизнес эрхлэгчид хэлж байна.
Мөнгө эргэлддэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ашиг олдог үйлдвэрүүддээ анхаарч ажиллах талаар санал санаачилга гаргаж байна. Бид наад зах нь алт хөтөлбөрөө хэрэгжүүлж, валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй. Уул уурхайн сайдтай уулзаад ярилцаж байхад хайгуулын лицензээ хав дарах биш, хайгуул хийхийг хүссэн шаардлага хангасан ААН-үүдэд нь өгчих хэрэгтэй гэж байна лээ. Тэр нь ч зөв. Өөрсдөө дотоодын хэрэгцээгээ хангадаг болох нэн шаардлагатай байна. Наад зах нь тавгийнхаа чихрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Японд өндөр үнээр будаагаа худалдаж авдаг гэх шүүмжлэл байдаг юм билээ. Үүний хариуд төр нь “Үнэтэй гэх будааг манай улсын тариаланчид тарьж, ашиг олж, амьжиргаагаа залгуулдаг.
Бид хямдхан будаа хэрэглэе гэвэл БНХАУ-аас худалдаад авчихаж болно. Нэг хэсэг иргэд эндээс амьжиргаагаа залгуулдаг” гэсэн хариулт өгдөг юм билээ. Үүнтэй ижил импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс таван хувийн татвар авч байна. Тэгвэл татвараа нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, түүгээрээ улсынхаа ЖДҮ-ийг хөгжүүлмээр байна. ОХУ-д сүүлийн жилүүдэд Европын хоригт байгаа. Гэтэл тус улсын аж үйлдвэрийн салбар нь сүүлийн жилүүдэд 34 хувиар өссөн байх жишээтэй. Энэ бол гаднаа хоригтой байгаа хэдий ч дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарч байгаагийн илрэл.
-Үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд аж үйлдвэрийг хөгжүүлэх, гоё гоё нэртэй үйлдвэр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дотоодын зах зээлээ дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар улиг болтол ярьсаар ирсэн. Хамгийн гол нь яагаад бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгөхгүй байна вэ. Одоо болтол малынхаа арьсыг ч боловсруулж, үнэд хүргэж чадахгүй л байна шүү дээ?
-Зах зээлээ хамгийн түрүүнд нээх ёстой. Зах зээл хаалттай үед бид хүнээ сургана, технологио сайжруулна, малынхаа чанарт анхаарна гэх мэтээр мянган сайхан зүйл яриад нэмэргүй. Миний бие Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байх үед БНСУ-д айлчлал хийж байх үеэр тус улсын Ерөнхийлөгч хажуудаа хэдэн бизнес эрхлэгч суулгачихсан “Манай бизнес эрхлэгчдийг та бүхэн дэмжээрэй” хэмээн хэлж байсан. Би тухайн үед “Ямар лоббичин ерөнхийлөгч вэ” гэж бодож байсан. Гэтэл үгүй юм билээ. Энэ бол дотоодын ААН- үүдээ ямар нэгэн байдлаар босгох, бодитоор дэмжих оролдлого байсан юм билээ. Одоо манайхан ямар нэг аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих талаар ярихаар “Наад чинь хэний компани вэ, Эзэн нь хэн юм, Улаан өнгөтэй юм уу, цэнхэр өнгөтэй намын хүн юм уу” гэх мэтээр хардаж сэрдээд эхэлдэг. Наад зах нь энэ байдлаа орхимоор байна. Сүүний чиглэлийн 50 үйлдвэрийг дэмжих бодлого гаргасан бол улаан, ногоон, цэнхэр аль нь байх нь хамаагүй бодитоор дэмжиж, үр дүнд хүрмээр байна. Одоо бид тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар бодитойгоор 2-3 салбараа дэмжмээр байна.
Би Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Дээр нь ЖДҮ, Хөдөө аж ахуйн санг дэмжинэ гэвэл би сайдынхаа багцнаас өгье” гэдгийг хэлж байсан. Үр нөлөө богино хугацаанд өгч болохуйц салбаруудаа бодитойгоор дэмжмээр байна. Таны хэлж байгаачлан хэт их ярьж, ажил хэрэг бололгүй удсанаас иргэд бүр дөжирчихсөн. Анх намайг “Шинэ хөдөө” гээд ярихаар өөдөөс огт өөр юм ярьдаг байсан.
Олон жил улиг болтол ярьчихаар үр дүн гарна гэдэгт итгэхгүй байсан. Харин дараа жилээс нь ажил хэрэг болгоод эхлэхээр хүн бүр сонирхоод ирсэн. Энэ мэтчилэн болохгүй байгаа ажлыг барьж авч ажил хэрэг болгох нь чухал байна. Хэрэв ингэж чадахгүй бол таны хэлснээр ярьсаар улиг болсоор л байна. Хоёрдугаарт, зах зээлийг нь нээх шийдлүүдийг гаргахгүй бол үйлдвэрүүд хөгжих боломж алга.
-Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь тэр төсөл хөтөлбөр нь үр дүнд хүрдэггүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танил талдаа өгөөд дуусгачихдаг. Зориулах ёстой газарт зориулах мөнгийг замаас нь бултуулдаг, хяналтгүй төрийн бодлогын уршиг ч аж үйлдвэрийн салбарын уналтад болоод бүх салбарын уналтад нөлөөлсөн. Цаашид энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?
-Өөртөө чинь санал нэг байна. Шат шатандаа санаачилсан ажлаа бодит ажил хэрэг болгож чадахгүй олон жил явж ирлээ. Үнэндээ менежерүүдээс л хамаг юм шалтгаалдаг ш дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нар, газрын дарга нар, аймгийн дарга нар, сумын дарга нар гээд энэ бүх менежэрүүдээс олон зүйл шалтгаалдаг. Энэ хүмүүсийн бодлого нэг, зорилго нэг байх юм бол санаачилсан ажил хэргүүд бодит ажил хэрэг болоод л явна. Дээрээс нэг бодлого гаргахаар дунд түвшиндээ алдагддаг. Дунд түвшиндээ хэрэгжлээ гэхэд доод түвшиндээ байдаггүй. Энэ бол цаад утгаараа манай боловсон хүчинтэй холбоотой асуудал юм билээ.
Бидний хөгжлийн түвшин, боловсон хүчний чадавх, менежэрүүдийг томилдог систем, зарчим ямар байна. Нам дагасан боловсон хүчний томилгоо ч ямар байгаа билээ. Ингээд бодохоор маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Аливаад хандах хандлага маш чухал байна. Үе үеийн олон сайдтай ярилцаж байсан. Гол түлхүүрээ түлхэж чаддаггүй ч хүмүүс байна. Мөн төрийн бодлого механизмыг гүйцэлдүүлэхэд ямар механизм ашиглах дээр ч дутуу дулимаг байна. Энэ мэтчилэн маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
-Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг нийлүүлдэг. Гэтэл үүнийхээ үр шимийг мөн л хүртэж чадахгүй байна. Тухайлбал, та ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Дэлхийн ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс дангаараа нийлүүлж байна. Гэтэл гаргаж байгаа ноолуурынхаа 80 хувийг шууд гаргаж байгаа бол ес орчим хувиар нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол үлдсэн 11 орчим хувийг нь самнаад гаргаж байна. Итали руу ганц нэгхэн компани самнасан ноолуур гаргаж байгааг эс тооцвол бараг 100 хувь БНХАУ руу ноолуураа экспортолж байна. Гэтэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг Европын орнууд болоод Итали улс ноолуурын зах зээлийн гол түүхий эд үйлдвэрлэгчийг БНХАУ хэмээн ойлгож байна.
Дэлхийн зах зээл дээр жилд 20 орчим тэрбум ам. долларын ноолууран бүтээгдэхүүн жилдээ хэрэглэдэг талаар судалгаа бий. Тэгвэл энэхүү 20 тэрбум ам.долларын 10 тэрбум ам.долларынх нь бүтээгдэхүүний түүхий эдийг бид нийлүүлж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө бид Монгол Улсдаа 240 орчим сая долларын ашиг ноолуурын зах зээлээс олж байна. Нэг ёсондоо дэлхийн ноолуурын зах зээлийг эзлэх боломжтой түүхий эдийнхээ 90 орчим хувийг ямар ч нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргачихаж байна. Тийм учраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг батлуулж, дотоодын компаниуд БНХАУ-ын ченжүүдтэй зэрэгцэж ноолуур худалдаж авдаг болсноор сүүлийн жилүүдэд дотоодын ноолуурын үнэ өссөн шүү дээ.
Цаашлаад 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс угаасан ноолуур гадагшаа гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Ноолуурыг заавал самнаж байж, дараагийн бүтээгдэхүүн болгож байж гадагшаа гаргах шийдвэр гарсан. Монголд зөвхөн ноолуурын баас шээсийг арилгачихаад гаргадаг байдлыг ийнхүү хориглосон.
-Манай улсын шатахууны хэрэглээ ОХУ-аас бүрэн хараат байна. Сүүлийн үед шатахууны үнэ өсөлт дээр ямар арга хэмжээ авч байна?
-Би саяхныг хүртэл шатахууны үнийн өсөлтийн талаар ойлголт багатай байлаа. Ингээд уул уурхайн сайдаас мэдээлэл авахад яг үнэндээ олон жил шатахууны үнийг төрөөс барьж ирсэн. Ингээд бодит зах зээл дээр өртгөөсөө доогуур нийлүүлэх шаардлагыг шатахуун импортлогчдод тавиад байсан юм билээ. Ингээд зах зээлийнхээ зарчмын дагуу яваад ирэхээр цаанаас оруулж ирж байгаа үнэтэйгээ уялдаад нэмэгдэж байгаа юм билээ. Хоёрдугаарт, миний бие Уул уурхайн сайд Г.Ёндонтой Москвад ажиллах үеэр ОХУ-ын талаас “Ямар ч байсан шатахууны импортоо тасалдуулахгүй гэдгээ хэлсэн. Харин үнийн хувьд тогтвортой барьж чадахгүй. Зах зээлийн зарчмын дагуу явах ёстой” гэдгийг хэлсэн.
Мөн ОХУ гадагшаа гаргахгүй байх 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтад бордоо орсон. Бордоо тэсрэх бодисын түүхий эд учраас цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалтад орж гадагшаа гаргахыг хориглосон юм билээ. Гэтэл манайхан ОХУ-аас бордоо авч тэсрэх бодис үйлдвэрлэхгүй бол бүх уул уурхай зогсох магадлалтай. Манай улсын уул уурхай зогсоно гэдэг бол манай улсын эдийн засаг нам зогсоно. Тийм учраас манай улсад ОХУ-ын талаас бордоо нийлүүлэхээ илэрхийлсэн.