Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг хөндсөн нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэг 09.00 цагт эхэлсэн, 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүллээ. Тэрээр “Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон хүнийг хорьсон. Гэхдээ одоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яагаад хорихгүй, шалгахгүй байгаа юм бэ? Энэ хүн Хөгжлийн банкны Эрсдэлийн газрыг удирдаж байсан. Яагаад орхив? Та нар сугалж үлдээгээд, нутаг орноороо ялгаж салгаад байна уу” гэв.
Ганбямбын Дөлгөөн 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллажээ.
Улсын ерөнхий прокуророос энэ сарын 23-нд өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тус банканд удирдах албан тушаал хашсан долоон хүнийг 15 хоногоос нэг сарын хугацаатай баривчилсан юм.