ШУА-ийн хүрээлэнгүүд, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, судалгаа, сургалтын талаар идэвхтэй хамтран ажилласаар байгаа билээ. Энэ хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль /ШУС/-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар /ХУС/-ын санаачилгаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Орон судлалын багш, судлаачдын чөлөөт уулзалт”-ыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос, Хятад, Гуравдагч хөрш орон судлал, Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарыг төлөөлөн 10 эрдэмтэн судлаач, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлал, Европ судлал, Ази судлалын тэнхимийн орон судлалын хөтөлбөрүүдийг төлөөлөн 10 багш оролцлоо.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хувьд МУИС-ийн ШУС-ийн ХУС-тай сүүлийн жилүүдэд “Европ судлал”, “Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд хүрээлэнгийн эрдэмтэд тус сургуулийн доктор, магистр, бакалаврын диплом удирдах, хамгаалуулах зөвлөлд орж ажиллах, оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдах чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлсээр байгаа юм.
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн захирал, доктор Н.Алтантөгс, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нар сүүлийн жилүүдэд хоёр талаас хамтран хэрэгжүүлсэн ажлын онцлог, давуу талууд болон тулгарч буй асуудлын тухай голлон хөндөж ярив.
Цаашид талууд Монгол Улсад гадаад орон судлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах, суурь болон хэрэглээний судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн талаар хамтрах боломжийг судлах, зочин судлаач ажиллуулах, мэдээллийн сан, албан сэтгүүлийн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өрнүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Энэ удаагийн чөлөөт уулзалтын үр дүнд ШУА, МУИС-ийн гадаад орон судлалын холбогдох сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэд, багш нар хоорондоо танилцаж, эрдэм судлалын талаар цаашид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломж, шийдлийг хэлэлцсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.