Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Үндэсний Аудит газрын Гуравдугаар газрын захирал Д.Энхболд тус банканд 2014, 2015, 2019 оны үйл ажиллагаатай холбоотой хийсэн Гүйцэтгэлийн аудитын үр дүнгийн талаар танилцууллаа. Аудитын шалгалтад Хөгжлийн банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн үйл ажиллагааг хамрагджээ.
Аудит шалгалтаар доорх зөрчлүүд илэрчээ:
- Эрх зүйн зохицуулалт хангалтгүй
- Эрсдэлийн тогтолцоо бүрэн бүрдээгүй гэж үзсэн байна.
Үр ашиггүй зарцуулалт өндөр, удирдлагын бүтэц томорсоор ирсэн зэрэг асуудал анхаарал татаж байжээ. Тухайлбал, гадаад томилолт, орон тоо бүтэц, цалин зэрэг зардал өндөр байснаас гадна маш их хэмжээний зар сурталчилгааны ажлыг хийсэн байна. Жилд хамгийн багадаа 720 тэрбум, ихдээ 1.2 их наяд төгрөгийг банкны үйл ажиллагааг олон нийтэд түгээхэд зарцуулсан.
Үйл ажиллагаанд хамааралгүй зардлуудыг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу зарцуулснаас тухайн банкны арвилан хэмнэлттэй ажиллах зарчим хангагдаагүй гэж дүгнэжээ. Мөн Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам хангагдаагүй гэж үзсэн байна.
Иймд тухайн худалдан авалттай холбоотой 12.2 тэрбум төгрөгийн хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байжээ.
Хөгжлийн банк 2014 он хүртэл дотоод аудитыг томилоогүй, түүнээс хойш дотоод аудитруудыг байн байн сольж иржээ.