Барууны компаниуд Оросоос их хэмжээгээр дүрвэж байгаатай холбогдуулан Хятадын жижиг, дунд бизнес эрхлэгчид Орост худалдаа хийх боломжийг судалж байна гэж Хятадын South China Morning Post сонин мэдээлжээ.
Хятадын ЖДҮ-үүд Оросын зах зээлд бий болсон орон зайг дүүргэхийг хүсч байгаа нь Орос-Хятадын худалдааны эргэлтэд нэмэлт түлхэц өгөх болно гэж тус сонин тэмдэглэжээ.
Хөрөнгө оруулалтын Loomis, Sayles & Company фирмийн шинжээч Жуан Бо хамгийн түрүүнд авто сэлбэг, хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, дэд бүтцийн эд ангиудын бизнес эрхэлдэг хятад худалдагчид ашиг хүртэнэ гэж үзсэн байна. Шинжээч Оросын эсрэг хориг арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа боловч дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх ёстой. Хоёр орны худалдааны хэмжээ ойрын хоёр жилд өсөх нь гарцаагүй хэмээн хэлжээ.
Үүний зэрэгцээ томоохон компаниуд барууны хориг арга хэмжээнээс эмээж болгоомжтой ажиллах байх гэж тэр үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүний бодлоор тэд хөшигний ард ажиллах далд арга замыг олохыг хичээх бололтой.
Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээр Орос, Хятадын худалдааны харилцаа муудсан талаар Bloomberg өмнө нь бичиж байсан ч гуравдугаар сард БНХАУ-ын гаалийн байгууллага 2022 оны 1-2-р сард Хятад Оросын худалдааны эргэлт 26 тэрбум 430 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38%-иар өссөн үзүүлэлттэй байгааг мэдээлсэн юм.
Мөн ОХУ-аас тус улсад хийсэн экспортын хэмжээ тогтоосон хугацаанд 35.8%-иар нэмэгдэж, 13.8 тэрбум долларт хүрсэн бол Орос Хятадаас 12.6 тэрбум долларын бараа, үйлчилгээ импортолсон нь жилийн дүнгээр 41.5%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX
1 comment
Браво