Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр (2022.03.28) 14 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны арван хоёрдугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр дурдвал
- КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого – 88 хувь;
- хүний хөгжлийн бодлого – 78.5 хувь;
- эдийн засгийн бодлого – 70.9 хувь;
- засаглалын бодлого – 76.6 хувь;
- ногоон хөгжлийн бодлого – 65 хувь;
- нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого – 79 хувийн тус тус хэрэгжилттэй байгааг Б.Жавхлан сайд танилцуулав.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс Сангийн сайд дурдсан. Тухайлбал, иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон талаар дурдлаа. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгоод байгаа гэлээ.
2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон юм. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.
Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг мөн танилцуулгад дурдсан.
Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн танилцуулгад тэмдэглэв.
Сангийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц байгуулах, Баруун нарангийн уурхайгаас Цагаан дэлийн боомт хүртэл авто зам барих, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар асуулт асууж, хариулт авсан бол Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын явцын талаарх байр сууриа илэрхийлж, хэрэгжилтийн тайлантай холбоотой шүүмжлэлийг Г.Дамдинням гишүүн хэлж, тодорхой мэдээлэл шаардан ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан.
Төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын арга хэмжээнүүд өнгөрсөн хугацааны бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор нэлээд төвөгтэй нөхцөлд үргэлжилсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан үнийн итгэлцүүрүүдээ шинэчлэх шаардлагатай ч эл ажил удааширч, улмаар аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн асуудал хүндэрч байгаа асуудлыг Ж.Батжаргал гишүүн хөндсөн.
Үүний зэрэгцээ одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэлээр ямар бодлого баримталж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэрбээр ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвүин, Г.Ганболд, Д.Өнөрболор нар асуулт асууж, Сангийн сайд болон Эрчим хүчний сайд, ажлын хэсгээс хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Ганболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Цаашид Үндсэн чиглэл болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд яамд онцгой анхаарал хандуулан, бодит үр дүн гаргах, Эдийн засгийн хөгжлийн яам энэхүү тайланд дүн шинжилгээ хийж, ирэх жилүүдийнхээ төсөв, хөрөнгийн хуваарилалтад онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг гишүүд хэлж байв.
Ийнхүү Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр боллоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс