“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарсан. Үүний улмаас өнгөрөгч Бямба гарагт фэйсбүүк дэх Е-Mongolia пэйжийн нэр солигдож, NFT World LLC гэж өөрчлөгдөөд байгаа юм.
Е-Монголиа төслийнхөн халдлагын талаар мэдэгдэл гаргаж, энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага байсан. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдэгдээд байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас Цахим яам болтолоо томорсон энэ байгууллагын найдвартай ажиллагаанд олон нийт итгэж байсан ч энэ удаагийн халдлагын дараа олны дунд эргэлзээ төрж эхэлж байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар нь ажиллаж байгаад шинээр байгуулагдсан яамны Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард “Е-Монголиа-гийн аюулгүй байдалд итгэж болно. Сар бүр 5-10 сая төгрөг зарцуулж эрсдлийн үнэлгээ хийлгэдэг” хэмээн ярилцлага өгч байсан юм.
Гэвч “Е-Mongolia системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг” гэсэн мэдээллийг тус ТББ-ын мэдэгдэл гаргаж ikon.mn сайтад төлбөр төлөн нийтлүүлжээ. Тус мэдэгдэлд:
МЭДЭГДЭЛ
“Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ нь цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улс дахь цахим аюулгүй байдлын чадавхыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.
2021 оны 12 сарын 10-ны өдөр, тухайн үеийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ zarig.mn /https://zarig.mn/uhf/ сайтад өгсөн ярилцлагадаа e-Mongolia системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгсөн байна.
MNCERT/CC нь гишүүдийнхээ гишүүнчлэлийн төлбөрөөр санхүүждэг бөгөөд байгуулагдсан цагаасаа төрийн ямар нэг байгууллагаас санхүүжиж, төлбөр авч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ялангуяа e-Mongolia системтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд энэхүү системийн аюулгүй байдалд ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.
Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ таныг дээрх хариуцлагагүй мэдэгдлээ яаралтай залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна хэмээн дурдсан байна. Одоо Б.Болор-Эрдэнэд Е-Монголиа системийн аюулгүй ажиллагаанд зарцуулсан 5-10 сая төгрөгтөө тайлбар өгөх асуудал үүсч эхлэв.
“ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ” (MNCERT/CC) ТББ
1 comment
Обуна даа амжилт хүсье