Японы хууль тогтоомжинд Японы банкинд хадгалагдаж буй Оросын Төв банкны нөөцийг хураан авах заалт байдаггүй гэж тус улсын Сангийн сайд Сюнъити Сүзүки мэдэгджээ.
Тэрбээр Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Төвбанкны Японд царцаасан нөөцийн талаар Японы парламентад үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулжээ.
Японы ГХЯ-ны өмнөх мэдэгдлээс үзэхэд, Токио ОХУ-ын эсрэг албан хоригийнхоо хүрээнд Оросын Төвбанк, Промсвязьбанк, Внешэкономбанкийг царцаасан аж. Үүнээс гадна 49 компани, байгууллага, Холбооны аюулгүй байдлын алба, Гадаад тагнуулын алба, БХЯ оржээ.
Хувийн хоригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нар багтжээ.
Хоригийн шийдвэрийг Японы Сайд нарын танхим Украиныг тойрсон олон улсын нөхцөл байдлыг тооцон, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор авсан гэжээ. Хоригийн хүрээнд хувь хүн, банкуудын хөрөнгийг царцаахаас гадна ОХУ-ын зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд туслахуйц нийтийн зориулалтын бараа бүтээгдэхүүнийг хоригложээ. Үүнчлэн Японы Засгийн газар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн ОХУ руу экспортлохыг зогсоожээ.
Эх сурвалж: INTERFAX