“Хүннү Эйр” ХХК ирэх 5-6 дугаар сараас Энэтхэг улс руу долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Ингэснээр хоёр улсын худалдаа, бизнесийн харилцаа улам өргөжнө гэж тооцоолж байгаа аж.
Шууд нислэг үйлдэж эхэлснээр “Болливуд”-ын продюсер Кабир хаан, Монголын соёлын элч, дуучин Мохид Жохан нар ирэх тавдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж хоёр кино зураг авахаар төлөвлөжээ.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх “Жишээ дурдахад Швейцарьт Энэтхэгийн олон сая ам.долларын орлоготой кино зургийг авсан. Ингэснээр Энэтхэгээс тус улсыг зорин очих жуулчдын тоо мянга дахин нэмэгдсэн. Тиймээс дээрх соёлын чиглэлийн хамтын ажиллагааны үр дүнд Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа” гэв.
Ташрамд мэдээлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсад айлчлах үедээ “Болливуд”-ын кино зургийг Монголд авах санал тавьсан байна.
Эх сурвалж: GOGO