Энэ жил нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Бүртгэл өнөөдрөөс эхэлж наймдугаар сарын 24-н хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Хоёр настай хүүхдээ бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn хэмээх цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулах ажээ.
Энэхүү бүртгэл нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистриийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах талаарх мэдээлэл автоматаар гарч ирэх юм байна. Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ бүртгэлд хамруулахын тулд дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Үүнд,
-Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй
– Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
– Зорилтот бүлэгт хамаарах иргдэ холбогдох материалыг бүрдүүлсэн байх хэрэгтэй юм.
Ямар нэг шалтгаанаар дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн хуучин хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдана. Иймд хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа л хүүхдээ цахим бүртгэлд хамруулах ёстой талаар албаны хүмүүс онцолж байсан юм.
Харин өнгөрөгч хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон гурваас таван насны хүүхдийг шинээр бүртгүүлэх бол наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулагдах аж.
Дашрамд сонирхуулахад энэ хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна.
2016-2017 оны хичээлчийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 20-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72.0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн түүхтэй.
Зорилтот бүлэгт хамаарах иргэдийн бүрдүүлэх материал:
- Бүтэн өнчин хүүхэд:
- Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж, Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бичиг баримт
- Асран хамгаалагч тогтоогдоогүй бол:
- Эцэг эхийн нас барсан гэрчилгээ
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
- Хагас өнчин хүүхэд бол:
- Нас барсан эцгийн (эх) гэрчилгээ
- Эхийн (эцэг) иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
- Шүүхийн шийдвэртэй бол:
- Шүүхийн шийдвэр
- Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд: (Эмнэлэн хяналтын комиссын хурлаар тогтоогдсон)
- Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр (Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон)
- Тэтгэвэр тэтгэмжийн дэвтрийн хуулбар
- Эцэг, эхийн асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Гурвалсан гэрээ
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт