Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Генетик нөөцийн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.
Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1993 онд, уг конвенцын Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагояагийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах хөшүүргийг бий болгох, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтүүд, генетик нөөцийн ашиглалтаас үүсэх үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Манай улс эх орныхоо эрс тэс уур амьсгал, байгалийн олон янз байдалд дасан зохицох чадвартай, өвөрмөц тогтоц бүхий биологийн генетик нөөцийг өөртөө агуулсан арвин баялаг, үнэ цэнэ бүхий генетик нөөцтэй улс орон юм.
Монгол Улс эрт дээр үеэс амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд цаашид энэ уламжлалт мэдлэг, генетик нөөцөө бүртгэх, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, ашиглах, үр шимийг харилцан хүртэх эрх зүйн орчноо анх удаа бүрдүүллээ.
Генетик нөөцийн тухай хууль 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог, ач холбогдлыг дараах байдлаар тоймловол:
Генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар Монгол орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин бүрдлээ.
Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж Монгол Улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч байна. Зөвхөн 2021 онд л гэхэд 1300 гаруй эмийн ургамлыг хилээр гаргасан гэсэн дүн байна. Энэ нь гадны улс орнууд манай ургамлыг судалгааны чиглэлээр ашиглах, цаашлаад бүтээгдэхүүн хөгжүүлэлт болгож ашиглаж байгаа нь Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан явдал юм. Иймд Генетик нөөцийн тухай хуульд генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр тусгасан.
Генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүд суурь судалгаа хийх боломжтой болох, судалгааны дүнд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигч нь үр шим хүртэх, цаашлаад биотехнологийн салбар хөгжих, тухайн чиглэлийн мэргэжилтэн, хүний нөөцийн чадавхи сайжрах боломжтой болно.
Генетик нөөцийн тухай хуульд Монгол орны нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетнээ устаж үгүй болохоос хамгаалах, шаардлагатай тохиолдолд ховор, нэн ховор ургамлыг тарималжуулж хэрэглэх, хамгаалахаар тусгасан.
Улсын Их Хурлын Тамгын газар