Ирэх Даваа гарагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нараас тодруулж, хариулт авчээ.
Цэцийн дарга би тэтгэвэрт гарахгүй гээд УДШ-ийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэсэн
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсад хяналтын бурхан тэнгэр нь Үндсэн хуулийн цэц. Хамгийн дээд хяналтын Үндсэн хуулийн цэц хийдэг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлж байна вэ гэхээр хуулийг хүчингүй болгох, төрийн тэргүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй. Энэ хяналтын дээд хэлбэр тунгалаг байж чадвал дээрээсээ эхлээд Үндсэн хуульд ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим эндээс эхэлнэ.
Гэтэл нэг юм болоод байна. Бид Шүүхийн тухай хуулийг баталсан. Шүүхийн хууль дээрээ урьд нь Үндсэн хуулийн цэцэд орон тоо гарахад Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон гарсан тоонд нэр дэвшүүлэхгүй хоёр жил хүртэл яваад байдаг байсан.
Шүүхийн тухай хуульд бол Үндсэн хуулийн цэцэд орон гарсан тохиолдолд Улсын дээд шүүх 30 хоногийн дотор хуралдаад нэрээ дэвшүүлнэ гэдэг зүйлийг хуульчилсан.
Үүний дагуу манай Үндсэн хуулийн цэцийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд, УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүхээс цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Цэцийн дарга би тэтгэвэрт гарахгүй, энэ бол надад үйлчлэхгүй гээд дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хэрэг үүсгэчихсэн юм байна.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульт байгууллагуудын, хамгийн дээд байгууллагын дунд маш том “зодоон” болж байгаа юм байна. Бид анхаараагүй явж байгаа юм байна. Энэ Үндсэн хуулийн хямралд руу түлхэх нь ээ. Бид үүнийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. УДШ бол хамтын удирдлагын байгууллага. Тэр орон тоо гарсан тогтоолоо нийт шүүгчдийнхээ хуралдаанаар хэлэлцээд нийтэд зарладаг.
Гэтэл нэг хүн дээр нь хэрэг үүсгэчихэж. Цэц ийм байж болдог юм уу. Одоо УИХ-аас баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна аа гэвэл Г.Занданшатар даргад хэрэг үүсгэчихэж байна гэсэн үг байхгүй юу. Хамтаараа баталсан хуулийг нь хэлэлцэнгүүтээ нэг хүн дээр нь хэрэг үүсгэчихэж байна. Энэ одоо Үндсэн хуулиасаа давсан алхамууд гарч ирлээ. Бид нар одоо Хяналтын хуулиудыг яриад сууж байна.
Үндсэн хуулийн дээд байгууллага маань Үндсэн хуулийнхаа дээр гараад ямар нь надад үйлчлэх вэ, ямар нь надад үйлчлэхгүй вэ гээд яриад сууж байна. Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэвэрийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл ҮХЦ-ийн дарга надад үйлчлэхгүй гэж яриад сууж байна. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ Х.Нямбаатар сайд аа.
Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байгаа юм билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын дээд шүүхээс цэцэл илгээсэн суудал учраас тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан.
Энэ процесс явагдаж байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоосон юм билээ.
Харин үүнээс өмнө 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан юм билээ. Тодорхой хэрэг маргааны асуудлаар.
Ингээд 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр иргэн Т-д ажлын албаны даргаараа дамжуулан дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Дараа нь 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр одоогийн ерөнхий шүүгч Ганзоригт иргэн Т дүгнэлт гаргуулах тухай дээрх асуудлаар хандсан. Ингэхэд өмнө нь хариу өгсөн тул дүгнэлт гаргах боломжгүй гэдэг хариу өгсөн.
Энэ дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд ирэх Даваа гаригт цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байгаа юм билээ. Надад байгаа мэдээлэл ийм байна.