Францын Агаарын сансрын хүчин (VKS) цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай, дунд тусгалын агаар-газар ангиллын шинэчилсэн пуужин (ASMPA) туршсан тухай ТАСС мэдээлэв.
Францын Зэвсэгт хүчний сайд Флоренс Парли 2022 оны 3-р сарын 23-нд шинэчлэгдсэн ASMPA-г цөмийн цэнэггүй хөөргөж, амжилттай туршсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ гэж тус агентлаг Францын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас иш татан мэдээлжээ. Пуужинг Францын баруун өмнөд хэсэгт орших Касот дахь агаарын цэргийн баазаас хөөрсөн Рафале онгоцноос хөөргөсөн гэж мэдээлж байна.
Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Оросын эсрэг хориг арга хэмжээний тухай мэдэгдэлд тайлбар өгөхдөө Дэлхийн гуравдугаар дайн зөвхөн цөмийн дайн байж болно гэж мэдэгдэж байсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын сүүлчээр Оросын Цөмийн хүчнийг байлдааны тусгай горимд шилжүүлэх тушаал өгсөн. Төрийн тэргүүний тайлбарласнаар ийм шийдвэр нь НАТО-гийн дээд удирдагчдын түрэмгий мэдэгдлийн хариу гэсэн билээ.
Үүний дараа АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс Москватай зөрчилдөхийг эрмэлзээгүй тул Вашингтон цөмийн хүчнийхээ байлдааны бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Нэгдүгээр сарын эхээр цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц хамтарсан мэдэгдэлдээ цөмийн дайнд ялагч гарахгүй гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: ГАЗЕТА