Хүний халдашгүй дархан байх эрхийг хүн бүр хүндэтгэн дээдлэх учиртай. Гэтэл саяхан нэгэн согтуу иргэнийг шонгийн модноос гавлаж, эрхэнд нь халдсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, нэлээд асуудал хөндөгдсөн билээ. Тэгвэл эрхээ зөрчүүлсэн Завхан аймгийн Тэлмэн суманд оршин суух иргэн М-тэй isee.mn ярилцлага авчээ. Тэрээр доорх тайлбаруудыг өгч ….
-Би тухайн өдөр ойр зуурын хүнсний зүйлээ цуглуулахаар сумын төвдөө орж ирсэн юм. Тэгээд хоёр найз, базтайгаа хамт нэг шил архи хувааж уусан. Ингээд бага охиноо машинтай, том охиноо мотоциклтойгоо авч явахаар болсон. Тэгээд том охин дотуур байр руугаа орж өмдөө давхарлаж өмсөхөөр орсон юм. Харин удалгүй над руу залгаад “Багш намайг мотоциклтой явуулахгүй гэнээ” гэж хэлсэн. Яагаад явуулдаггүй билээ гээд би багшид нь хэлэхэд багш нь “Хүйтэн байхад бид хүүхдийг мотоциклтой өгч явуулахгүй” гэсэн харин би “Маргааш амралтын өдөр болохоор би хүүхдээ авч явна” гээд маргаан үүссэн. Тухайн үед хүүхдүүд шавж зогсоод байсан учраас өндөр дуугаар тарахыг шаардсан. Харин байрны багш агсам тавилаа гээд цагдаа дуудсан авч ирсэн. Тэгээд цагдаа намайг аваад явсан. Ингээд түр саатуулах байранд очоод мотоцикл хурааж аваад намайг явахаа гэсэн. Харин би цочмог ууртай болохоороо цагдаад “Та нар тэгвэл наад мотоциклоо авахгүй юу. Наадах чинь надад хэрэггүй. Эргээд харин та нар намайг эргээд олохгүй, үхсэн байна гэж мэдээрэй” гэж хэлсэн. Тэгээд цагдаа намайг шонгийн модноос гавласан. Харин үүнд бол би гомдохгүй байгаа. Үнэхээр тухайн үед би согтуу, охин хүүхдээ авч явж байгаад ямар нэгэн зүйл болсон бол харамсаад байхгүй байх байсан. Харин үүнээс цагдаа сэргийлж, арга хэмжээ авсанд нь баярлаж байгаа.
-Цагдаад үнэхээр гомдох зүйл байхгүй. Харин ч баярлаж байгаа. Би гавлуулсан байхдаа согтуу байсан. Тэгээд төвд ору ирээд 4, 5 цаг болж байна гэдгээ хэлэх гэж байгаад 4,5 цаг гавлаатай байна гээд хэлчихсэн байна лээ. Энэ бол миний үгний алдаа. Харин би 20-30 минут л гавлаатай байсан байх. Тухайн өдөр цас хайлмагтаад хэссэн байсан болохоор миний өмсөж явсан монгол гутал норж, хөл жаахан даарсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хөлдөж, гэмтсэн зүйл байхгүй.
– Бичлэг хийж байна гэдгийг нь ч мэдээгүй. Тэр эмэгтэй утсаа урдаа барьсан надтай юм яриад л байсан. Би зүгээр л надтай ярьж байна гэж ойлгосон. Гэтэл цагдаа тэр хүнийг “Та бичлэг хийгээд байгаа юм уу” гээд утсыг нь шалгах гэхэд нь би чамд утсаа шалгуулах үүрэг байхгүй гээд шалгуулаагүй. Гэтэл бичлэг хийгээд зогсохгүй, олон нийтийн сүлжээнд тавьсан байсан. Тэр хүний хүүхэд нь машинаа барьж яваад саатуулагдсан юм билээ.