УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуурамч хаягаас мэдээлэл цацах, мэдээллийн дайн зэрэг асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байна. Тэгвэл энэхүү хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэг иргэн нэг интернэт хаягтай байна гэдэг өөрчлөлтийг хийх боломжтой юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Иргэдийн сошиалд нэвтэрч байгаа хаяг албан ёсных байх, хуурамч хаяг нээхгүй байх боломжуудын тухайд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сошиалын тухай хоёр хууль боловсруулагдаж байгаа.

Та бүхэн санаж байгаа бол фэйсбүүкийг үүсгэн байгуулсан Мета компанийн захирал Закербэрг конгрессиын гишүүдийн асуултад хариулт өгсөн. Конгресын гишүүдийн зүгээс иргэний фэйсбүүк хаяг нь тухайн хүний албан ёсны хаяг байх ёстой гэдгийг албажуулж өгөөч гэдэг шаардлагыг тавьсан. Харамсалтай нь тухайн компанийн зүгээс энэ бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн тухайд иймэрхүү техникийн шийдэл гаргах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Мөн өнгөрсөн оны сүүлчээр АНУ-д Мета компанид ажиллаж байсан нэгэн эмэгтэй шүгэл үлээгч болж, нэр нь тодорхойгүй хаягаас бүүст хийлгэдэг нь тус компанийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг гэдэг мэдээлэл дэлгэсэн ч энэ асуудал намжсан.

Бид одоо боловсруулж байгаа хуулийн төслөөрөө ямар шаардлага тавих вэ гэхээр, харилцаа холбооны компаниуд гар утасны дугаарыг иргэний үнэмлэхээр олгоё гэдэг шаардлагыг хуулиар албажуулна. Нийт хэрэглэгчийн 70-80 хувь нь гар утасны дата эрхээрээ дамжуулж тухайн сошиал харилцаанд ордог гэдэг судалгаа байгаа юм.

Хоёрдугаарт, гомдол гаргах үүргийн фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээний компаниудад үүрэгжүүлнэ. Монгол Улсын иргэдийн сошиал орчин дахь эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг богино хугацаанд хийхийг хуульд тусгана.

Европын холбоо болон ХБНГУ-д сошиалтай холбоотой харилцааг ийм байдлаар зохицуулдаг. Торгууль, шийтгэлийн хувьд 50 сая евро хүртэл байдаг.

Энэ зохицуулалтын гол агуулга нь танай платформ хэрэгжиж байгаа тохиолдолд төлөөлөгчийн газраа ажиллуул. Төлөөлөгчийн газар нь хуурамч мэдээллийг тухай бүрд нь устгах, иргэдийн гомдлын барагдуулах үүрэгтэй. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн