Манай улсад цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол жилээс жилд өсч байна. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Э.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд залилангийн хэрэг хэр их гарч байна вэ?
–Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 буюу залилах гэмт хэрэг 2016 онд 2165, 2018 онд 5372, 2019 онд 4688, 2020 онд 4270 болж нэмэгдсэн. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 24.6 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд залилах гэмт хэрэг 688 бүртгэгдэж байсан бол 2021 онд 6679 болж сүүлийн арван жилд арав дахин нэмэгдсэн.
Энэ нь иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж амар хялбар аргаар мөнгө олох, өсгөх зорилготойгоор бусдад мөнгө өгснөөр эд хөрөнгөөрөө хохироод байна. Уг гэмт хэргийн улмаас иргэд, ААН-үүд, байгууллагуудад учирсан хохирол нь 2016 онд хоёр тэрбум байсан бол 2019 онд 13 тэрбум 2020 онд 67.2 тэрбум болж огцом өссөн.
Үүний дийлэнх нь цахим орчинд үйлдэгдэж байна. Шалтгаан нь 2019-2021 онд дэлхийн хэмжээнд “Ковид-19” цар тахал гарсны улмаас хөл хориотой, хил хаалттай хугацаанд иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар бараа бүтээгдэхүүн худалдаж авах, хөрөнгө оруулалт, мөнгө өсгөх зорилгоор мөнгө өгч, хохирсоор байна.
Уг цахим залилангийн хэрэг нь 2015 онд 17 бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 765, 2021 онд 896 гэх мэтээр сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Цахимаар залилахдаа ихэвчлэн иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, ойр дотны найз нөхдөөс яаралтай мөнгөний хэрэг гарлаа, тусламж үзүүлээч гэх мэтээр мөнгө авах, бусдын зургийг байршуулж хандив туслалцаа аван залилж байна.
-Шинэ технологи нэвтрэх эсвэл шинээр залилах арга сэдэх тохиолдол байгаад байдаг. Тэгвэл сүүлийн үед шинээр ямархуу төрлийн залилах хэргүүд гараад байна вэ?
-Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим залилан л нэмэгдээд байна. Залилах гэмт хэргийг үйлдэж байгаа үйлдлийн аргаараа өөр, өөр байна. Эд хөрөнгийг худалдаа буюу гар утас, орон сууц худалдаж авах эсвэл түрээслэх үйлчилгээгээр залилах нь бий. Байрыг эзэмшигчээс байр түрээслээд өөр нэгэнд өөрийн эзэмшлийн байр мэтээр давхар түрээсэлж иргэнээс мөнгө авч байна. Мөн таны нэр дээр өв залгамжлах захидал ирлээ. Захидлыг уншихын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой гэдэгт иргэд хууртаж байна.
-Сүүлийн үед цахим орчинд сугалаа явуулж, азтан шалгаруулах болсон. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн зүйл үү, үгүй юү?
–Маш олон сугалаанууд бий. Энэхүү сугалаанд иргэн өөрөө эсвэл ойр дотны хүмүүс азтан болоогүй тохиолдолд залилуулж байна гэж хараад байдаг. Сугалаа явуулах гэж буй иргэн, хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд сугалаа явуулах эрхтэй болдог. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдээс ирж байгаа гомдлын дагуу шалгах үүрэгтэй. Гэхдээ үүн дээр гэмт хэргийн шинжтэй байгаа эсэх, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан үгүйг шалгадаг. Зөвшөөрөл аваагүй бол сугалаа нь хууль бус болно. Хувь хүмүүс цахимаар сугалаа явуулах тал дээр зөвшөөрөл авсан эсэх нь чухал. Аваагүй бол тэр нь хууль бус юм.
-Эдгээр залилан үйлдэж буй этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог вэ?
-Залилах гэмт хэргээр иргэдэд учруулсан хор хохиролоос шалтгаалж зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Бусдад энэхүү гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулинд зааснаар 12 хүртэлх жилээр хорих ял онооно.
-Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?
–Мөн нийт гэмт хэргийн 24.6 хувийг эзлээд байгаа залилах гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага, Монголбанк, Банкны холбоотой хамтарч 2019-2021 онд “Ятгах тусам нягтал” нэг хоёр, “Ятгах тусам аюулгүй” гэх мэт нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнийг зохион байгуулсны нөлөөгөөр гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан боловч хохирлын үнийн дүн өссөн. Учир нь, нөлөөллийн арга хэмжээнээс үүдэж иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн.
Тиймээс бусдад ямар нэг байдлаар хүүтэй мөнгө зээлүүлсэн, виз гаргуулахаар мөнгө өгсөн, хямд үнийн дүнтэй орон сууцанд орох, хөрөнгө оруулалт байдлаар мөнгө өсгөх гээд өгчихсөн байснаа иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилснээр залилангийн гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ мэдэж гомдол гаргаснаар хохирлын дүн өссөн. Түүнчлэн, 2021 оны нэгдүгээр сард “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион байгуулснаар залилах гэмт хэрэг 15.3 хувиар, 2020 онд 11.3 хувиар буурсан үнийн дүнтэй байгаа. Харин 2021 онд залилах гэмт хэрэг нь 34.8 буюу 2288 нэгжээр өссөн үнийн дүнтэй байна. Энэ нь иргэдийн цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой.
Цагдаагийн байгууллагад шалгагдсан зарим хэргээс дурдвал Жи Тайм-ын хэрэг. Уг хэргээс болж иргэд 10 тэрбум төгрөгөөр хохирсон. Мөн хөрөнгө оруулалт буюу криптогоос болж 710 гаруй иргэн 12 тэрбумын хохирол амссан. Энэ нь крипто валют, гадаадаас бараа материал худалдаж авахдаа тухайн байгууллагын и-майл хаягны үсэг тоо өөрчлөгдсөн эсэхийг анзааралгүй харилцах данс руу мөнгө шинжүүлж байгааг илтгэнэ. Үүнээс үүдэн 9.4 тэрбум төгрөгийн хохирол үүсээд байна. Энэхүү мөнгө нь зөвхөн гадаад улс руу гарч байгааг цагдаагийн байгууллага буцаан татах үйл ажиллагаа явуулж байгаа ч хуулийн хүрээнд зогсонги байдал үүсээд байна. Учир нь тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь гадаад улсад буюу Монгол Улстай иргэний болон эрхзүйн харилцаанд туслалцаа үзүүлэх гэрээгүй орноос үйлдсэн тул тухайн иргэн болон дансанд байгаа мөнгийг царцааж татан авах боломжгүй. Тиймээс иргэд бусдад эд зүйл,мөнгө, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө сайтар нягталсны үндсэн дээр өгч байгаарай гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: itoim.mn