Дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байгаа болон сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн тоглоомын талбайд тавих хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажил дан мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж буй байгууллагын анхан шатны хяналт гол байдаг.
Барилга, дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалтыг улсын хөрөнгөөр хийж байгаа тохиолдолд нийт төсвийн 0.5%-аас доошгүй хөрөнгийг, хувийн хэвшлийн байгууллага 1.5%-аас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой.
Өөрөөр хэлбэл улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд 50 сая төгрөгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулна.
Бүтээн байгуулалтад ид хөдөлмөрийн насны залуучууд ажилладаг. Тэднийг осол аваарт орохоос сэргийлж захиалагч, гүйцэтгэгч нар хөдөлмөрийн аюулгүй байдалд анхан шатны хяналтыг тавих үүрэгтэй.
Хүүхдийн тоглоомын талбайд өмнө нь осол гарч байсан. Үүнд анхан шатанд хэн хяналт тавих нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн орчинд тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, орон сууцны гадаах талбайг СӨХ-үүд, гэр хорооллынхыг хороо, дүүргийн дарга нар хяналт тавьж, хариуцах үүрэгтэй. Тиймээс эдгээр хүмүүст үүргүүдийг танилцуулах зорилгоор зөвлөмж, мэдээллийг хүргүүлээд байна. Бид хамтарч ажиллаж байж ослыг бууруулна.
Саяхан лифтний осол гарсныг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатарт байгаа нийт лифтүүдэд ашиглагч байгууллагууд мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж, лифтний ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Аливаа осол аваар болохоор мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавьсан уу гэдэг асуудал гардаг. Бид хариуцлагаас бултахдаа ингэж ярьж байгаа юм биш. Нийтээрээ осол аваарыг буулгахын тулд хуулиараа хэн, ямар үүрэг хүлээсэн байдгийг хэрэгжүүлж ажиллах нь чухал гэдгийг хэлье” хэмээн ярилаа.